Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын нэрийг барьж Сүлжээний бизнес эрхлэгч хувь хүмүүс Сошиал сүлжээг ашиглан иргэдийг хохироож болзошгүй үйлдэл гаргах болжээ. Иймд холбогдох албан тушаалтнаас тодруулахад энэ төрлийн бизнесийг Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат огт дэмжиж оролцоогүй. Оролцох үндэслэл, шалтгаан огт байхгүй гэдгийг анхаарууллаа.
Учир нь Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат нь сүлжээний бизнесийн үйл ажиллагааг дэмжиж байгаа. Бидэнтэй уулзана гэх мэтээр худал мэдээллийг зарим иргэд сошиал сүлжээг ашиглан тараах болжээ.
Засгийн газрын тэргүүний хувьд G-time гэх бизнесийн үйл ажиллагаанд огт оролцохгүй. Мөн оролцох талаар ямар нэгэн яриа огт хийгдэж байгаа үгүй гэдгийг Монгол Улсын Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч албан ёсоор мэдэгджээ.
Монгол Улсад сүлжээний бизнес эрхлэх нь хуулиар хориглосон байдаг.
Хуулийн зүйл заалтыг харах юм бол хэд хэдэн зүйл заалтаар хориглосон гэдгийг баталгаажуулж өгчээ. Тухайлбал:
АЖ АХУЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН ТУХАЙ
8 дугаар зүйл. Хориглох аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа
8.1. Монгол Улсын нутаг дэвсгэрт дараах төрлийн аж ахуйн үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно:
8.1.1. хар тамхи, хуульд өөрөө заагаагүй бол мансууруулах бодис үйлдвэрлэх, импортлох, худалдах, /Энэ заалтад 2002 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн хуулиар нэмэлт өөрчлөлт оруулсан/
8.1.2. садар самуун явдлыг зохион байгуулах, түүнийг аливаа хэлбэрээр сурталчлах, дэмжих,
8.1.3. казиногийн үйл ажиллагаа эрхлэх
8.1.4. олон шатлалт маркетинг буюу пирамид тогтолцооны замаар хууран мэхэлж ашиг хонжоо олох үйл ажиллагаа
8.2. Энэ хуулийн 8.1.3 дахь заалт нь чөлөөт бүсийн тухай хууль тогтоомжид хамаарахгүй
Одоогийн байдлаар g-time гэж яригдаж байгаа бизнесийн үйл ажиллагааг холбогдох газрууд шалгаж байгаа гэсэн мэдээлэл байна. Харин g-time компанийн зүгээс өнөөдөр 14 цагт мэдээлэл хийх сураг дуулдаж байна.
60 гаруй мянган төгрөгөөр элсэж ордог уг бизнесийн үйл ажиллагаа нь олон иргэнийг хохироож болзошгүй талаар ч цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Цагдаагийн байгууллагын хувьд иргэд л гомдол гаргахгүй бол уг бизнесийг шалгах шалтгаан үүсэхгүй гэж мэдэгдэж байна. Одоогийн байдлаар g-time бизнесээс болж хохирсон гэх гомдол цагдаагийн байгууллагад ирээгүй юм байна.
G-time бизнесийн компанийг МҮХАҮТ бүртгэж авчээ. Өмнө нь энэ төрлийн нэг компанийг бүртгэж аваад иргэд хохирсон гэх гомдол гарч байсан тухай учир мэдэх нэгэн тайлбарлаж байна.
Сүлжээний бизнес гэж юу вэ?
Хоорондоо хэлхэлдэж, холбогдож, торлогдож, сүлжилдсэн зүйлийг сүлжээ гэж ойлгодог. Бүх зүйл нэгээс эхэлдэг болохоор сүлжээ ч мөн тийм л зарчмаар эхэлдэг.
Компани байхгүй, Буяны байгууллага, Төрийн бус байгууллага, төв, сан, клуб, нөхөрлөл гэх мэт нэрийг ашиглаж байдаг. Ямар ч бараа байхгүй. Цэвэр мөнгөн дээр тулгуурлаж үйл ажиллагаа нь явагдаж байдаг. Ийм төрлийн бизнесийг сүлжээний бизнес буюу Санхүүгийн пирамидын сүлжээ гэдэг.
Монголд ийм төрлийн анхны сүлжээ 1975 онд “Аз жаргалтай захиа” нэртэйгээр гарч байжээ. Дараа нь 1990 оны орчим “Жавхланг бадруулагч” 1995 оны үед “Шинэ санаа төв” гэх мэт нэрээр нэг хүний үүсгэсэн сүлжээний бизнес газар авч эхэлж байсан байна. Ингээд нэг хэсэг намжсан ч 2003 оны үед дахин дэгдэж олон хүнийг хохироосон санхүүгийн пирамид ажиллаж байжээ.
Харин сүүлийн үед намжсан уг бизнес нэртэй санхүүгийн пирамид нь гол төлөв интернэтийн орчинд хийгдэж иргэдийг хохироож болзошгүй үйлдэл гарч байгаа юм.