Нэгдүгээр сард цасан шуургатай, 47 градус хүрч хүйтэрнэ

Нэгдүгээр сард цасан шуургатай, 47 градус хүрч хүйтэрнэ

Хэдхэн цагийн дараа дэлхий даяараа шинэ оноо угтан авч, 2021 оны нэгдүгээр сар эхэлнэ. Эрс тэс уур амьсгалтай Монгол орны хувьд нэгдүгээр сар хамгийн хүйтэн улирал болж, өнгөрдөг. Иймээс Цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан шинэ оны эхний таван өдрийн цаг агаарын төлөвийг танилцуулъя.

Тодруулбал, 2021 оны нэгдүгээр сарын 1-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 2-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 4-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орно. Салхи ихэнх хугацаанд нутгийн өмнөд хэсгээр секундэд 7-12 метр хүрч ширүүсэж, явган шуурга шуурна.

Хугацааны эхээр өдөртөө ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг суларч Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 42-47 градус, өдөртөө 29-34 градус, Увс нуурын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 32-37 градус, өдөртөө 21-26 градус, цас багатай, энгэр ээвэр газраар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 9-14 градус, бусад нутгаар шөнөдөө 26-31 градус, өдөртөө 16-21 градус хүйтэн байна. Нэгдүгээр сарын 2-ноос нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч чангарна.

Нэгдүгээр сарын турш цаг агаар ямар байх вэ? 

Цаг уурчдын гаргасан урьдчилсан мэдээллээр нэгдүгээр сар өмнөх жилийн олон жилийн дундажтай харьцуулахад хүйтэн, цас шуургатай байх төлөв гарчээ. Дэлгэрэнгүй мэдээллийг хүргэе.

Баруун аймгуудын нутгаар:

Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар Олон жилийн дундаж (ОЖД)–ийн орчим байна.

Хур тунадас Алтайн өвөр говиор ОЖД–аас бага, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.

Нэгдүгээр арав хоногийн дунд, хоёр болон гуравдугаар арав хоногийн сүүлчээр агаарын температур өмнөх үеэсээ 5–10°С–аар хүйтэрнэ. Нэгдүгээр арав хоногийн дунд, хоёр болон гуравдугаар арав хоногийн сүүлчээр зарим газраар цас орох төлөв гарсан. Салхи ихэнх хугацаанд 4–8 м/с, нэгдүгээр арав хоногийн дунд, хоёрдугаар арав хоногийн сүүлчээр зарим газраар 12–14 м/с хүрч ширүүсэн цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй.

Төвийн аймгуудын нутгаар:

Энэ сард агаарын дундаж температур Архангайн баруун, Өвөрхангайн ихэнх нутгаар ОЖД–ийн орчим, бусад нутгаар ОЖД–аас хүйтэн байх төлөвтэй байна.

Харин хур тунадас Төв болон Сэлэнгийн ихэнх, Булганы зүүн өмнөд хэсгээр ОЖД–аас ахиу, Өвөрхангайн өмнөд хэсгээр дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна Нэг болон хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар агаарын температур өмнөх үеэсээ 5–10°С–аар хүйтэрнэ. Нэг, хоёр, гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар цас орно. Салхи ихэнх хугацаанд 4–9 м/с, нэгдүгээр арав хоногийн дунд, хоёрдугаар арав хоногийн сүүлчээр зарим газраар 12–14 м/с хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байна.

Зүүн аймгуудын нутгаар:

Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар ОЖД–аас хүйтэн байх төлөвтэй. Харин хур тунадас Дорнод, Сүхбаатарын өмнөд хэсгээр ОЖД–аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.

Нэг болон хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар агаарын температур өмнөх үеэсээ 5–10°С–аар хүйтэрнэ. Нэг, хоёр, гуравдугаар арав хоногийн сүүлчээр зарим газраар ихэнх нутгаар цас орно. Салхи ихэнх хугацаанд 5–10 м/с, нэг ба хоёрдугаар арав хоногийн сүүлчээр зарим газраар 12 – 14 м/с хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байна.

Говийн аймгуудын нутгаар:

Энэ сард агаарын дундаж температур Дорноговийн зүүн хойд хэсгээр ОЖД–аас хүйтэн, бусад нутгаар ОЖД–ийн орчим байх бол хур тунадас Өмнөговийн ихэнх нутгаар ОЖД–аас бага, бусад нутгаар дунджийн орчим байх төлөв гарчээ.

Нэг болон хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар агаарын температур өмнөх үеэсээ 3–5°С–аар хүйтэрнэ. Нэг, хоёр, гуравдугаар арав хоногийн сүүлчээр зарим газраар бага зэргийн цас орно. Салхи ихэнх хугацаанд 5–10 м/с, нэгдүгээр арав хоногийн дунд үе болон хоёрдугаар арав хоногийн сүүлчээр зарим газраар 14–16 м/с хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байна.