Дархан-Уул аймагт Covid-19 халдвар хумигдлаа

Дархан-Уул аймагт Covid-19 халдвар хумигдлаа

Дархан-Уул аймагт бүртгэгдсэн Covid-19 халдварын нийт 45 тохиолдол, үүнээс Дархан суманд 38, Хонгор суманд таван иргэн халдварт өртсөн. Тус аймагт анхны тохиолдол 2020 оны арваннэгдүгээр сарын 17-д Дархан суманд бүртгэгдсэн. Хонгор суманд 2020 оны арваннэгдүгээр сарын 27-д халдвар бүртгэгдсэн бөгөөд үүнээс хойш 34 хоног дахин шинэ тохиолдол бүртгэгдээгүй байна.

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн газар болон нэгдсэн эмнэлэгт  Covid-19 халдвараас сэргийлэх болон хүн амд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэхэд шаардлагатай эм, эмнэлгийн болон хамгаалах хэрэгсэл, оношлуур урвалж зэрэг  нийт 26 нэр төрлийн 400.0 сая төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэж өгчээ. Нэгдсэн эмнэлэгт амьсгалын аппарат, хүчилтөрөгч өтгөрүүлэгч, Пульсоксиметр, Халуун хэмжигч /лазер/, Утлагын аппарат, Дижитал рентген аппарат зэрэг нийт 298.1 сая төгрөгийн тоног төхөөрөмжөөр ханган эмнэлгийн тусламжийн чадавхийг нэмлээ.

Түүнчлэн Эрүүл мэндийн сайдын тушаалаар онцгой байдлын үед ажилласан эмч, ажилчдын арваннэгдүгээр сарын илүү цагийн хөлс олгоход зориулж Эрүүл мэндийн газарт 51.7 сая, Нэгдсэн эмнэлэгт 113.8 сая төгрөгийн санхүүжилт олгосны дагуу Нэгдсэн эмнэлгийн 371 ажилтан, Эрүүл мэндийн газрын 63 ажилтанд илүү цагийн хөлсийг тус тус тооцож олгожээ.

Батлагдсан тохиолдлын ойрын хавьтал 809 хүн, хоёрдогч хавьтал 1672 хүнийг илрүүлэн 2-3 удаагийн давтамжтайгаар PCR шинжилгээнд хамруулсан.  2020 оны арваннэгдүгээр 11-ны өдрөөс эхлэн түргэвчилсэн шинжилгээ Нэгдсэн эмнэлэг, сум, өрхийн эрүүл мэндийн төвд – 33094, PCR шинжилгээ аймгийн Нэгдсэн эмнэлэгт–6618 /эерэг 41/, өргөжүүлсэн тандалтаар 18 цэгт PCR-ийн шинжилгээ авч ХӨСҮТ-ийн лабораторид – 21595 /эерэг 4/  тус тус хамрууллаа.

Дархан-уул аймгийн ЭМГ эрсдэлт бүлгийн хүн амын дундах байнгын болон идэвхтэй тандалтаар арванхоёрдугаар сард нийт 3851 иргэнийг тухайлбал Эрүүл мэндийн байгууллагын нийт 102 эмч, ажилтан, эмнэлэгт хэвтэж буй 74 иргэн, эрсдэлт бүлгийн 3304 иргэнийг тус тус  PCR шинжилгээнд хамруулсан байна. Цаашид эрсдэлт бүлгийн хүн ам буюу иргэдийн хамгийн ихээр үйлчлүүлдэг эрүүл мэндийн болон төрийн байгууллагуудын ажилтан, албан хаагч нарын дунд нийт 10000 иргэдэд идэвхтэй тандалт хийхээр төлөвлөж байна хэмээн аймгийн ЭМГ-ын дарга н.Батцэнгэл мэдээллээ.