Монгол Ардын намын 100 жилийн ой энэ онд тохиож буй. 100 жилийн ойтой жилдээ Монгол Ардын нам Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулах томоохон зорилтыг дэвшүүлжээ. Тус намын зүгээс Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх 4-6 хүний нэрийг гишүүдийнхээ дунд хэлэлцүүлж буй. Гэхдээ энэ бол зүгээр л тус намын зүгээс барьж буй төөрөгдүүлсэн бодлого гэж болно.
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан 2020 оны 11 дүгээр сард өгсөн нэгэн ярилцлагдаа Ерөнхийлөгчид тус намаас нэр дэвших 4 хүн байгаа гэх утгатай үг унагасан. Энэ нь эдгээр 4 хүн нам дотроо өрсөлдөх болно гэсэн үг бол биш. Харин ийм 4 хүнээс сонгож болох юм гэх утгаар хэлж, нөгөө талдаа өрсөлдөгч намынхаа бодлогыг саармагжуулах гэсэн башир арга гэж болно.
Учир нь 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАН ганцхан нэр дэвшигчтэй. Тэр нь тодорхой байсаар сонгуульд орж, ялагдал хүлээсэн. Харин АН-ын хувьд хэн ч магадгүй гэж байгаад хэнийг ч тооцоолоогүй Х.Баттулга нэр дэвшиж, сөрөг, хар пиарт булуулахгүй байсаар байгаад гараад ирсэн. Харин МАН-ын нэр дэвшигч жилийн турш хар пи арт булуулж байгаад ялагдсан билээ.
Иймд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан зүгээр ч нэг ам алдаж 4 хүн гэж хэлээгүй хэрэг. Харин түүний хувьд энэ удаагийн сонгуульд 4 хэмжиж байгаад нэг л дайралт хийх далд санааг өвөртөлчихсөн суугаа нь гарцаагүй. 2016 оны сонгуульд МАН үнэмлэхүй ялалт байгуулсан. нь Д.Амарбаясгалан гэж улс төрчтэй шууд холбоотой. Мөн 2020 оны УИХ-ын сонгуульд ялалт байгуулсан МАН-ын штабын ард Д.Амарбаясгалан байсан гэдэг. Түүний хувьд МАН дотор 2 дугаарт эрэмбэлэгдэж суугаа улс төрч. Зарим тохиолдолд намын даргаасаа илүү эрх мэдлийг нам дотроо эдэлдэг гэх явган яриа чих дэлсдэг юм билээ. Үүнээс харах юм бол 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд хэнийг нэр дэвшүүлэх, хэрхэн ялалт байгуулах бэ гэдэг тоглоомын дүрмийг Д.Амарбаясгалан атгаж буй гэхэд болно.
Ихэнх улс төрийн хүрээнийхэн МАН-аас У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж таарна гэх таамаг дэвшүүлж буй Ийм нөхцөлд дараагийн тус намын дарга хэн бэ? гэх асуулт урган гарна.
Хэрэв Ерөнхийлөгчийн сонгуульд У.Хүрэлсүх нэр дэвшиж, бас ялалт байгуулсан нөхцөлд МАН-ын дараагийн даргын суудлын төлөө 4-5 хүн өрсөлдөх дүр зураг харагдаж буй. Тухайлбал ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайдын ахлах зөвлөх Ж.Энхбаяр, УИХ-ын гишүүн С.Бямбацогт, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан. Хэрэв дээрх 5 хүний нэр МАН-ын дараагийн даргын сунгаанд орж ирсэн нөхцөлд хамгийн өндөр рейтинг, хамгийн нөлөө бүхий улс төрч нь Д.Амарбаясгалан байх боломжтой. Түүний хувьд хоёр ч удаагийн УИХ-ын сонгуулийг өнжиж, зөвхөн намын гал тогоог сахиж, гал манасан учир нь нам доторх нөлөө нь нөгөө хэдээс хамаагүй илүү. Мөн У.Хүрэлсүх гэдэг хоёрдугаар эгнээнд явж ирсэн улс төрчийг нэгдүгээр эгнээнд гаргаж, намын дарга Ерөнхий сайдын хүчтэй суудалд тухлах боломжийг бий болгож, бас суулгасан арын албаны хүн нь Д.Амарбаясгалан. Энэ утгаар нь авч үзэх юм бол дараагийн МАН-ын дарга нь Д.Амарбаясгалан байх магадлал хамгийн өндөр байна.
Зарим таамаг дэвшүүлэгч нар Л.Оюун-Эрдэнэ хүчтэй өрсөлдөгч гэж байгаа ч У.Хүрэлсүх түүнийг дэмжихгүй байх хэд хэдэн шалтгаан байгаа гэдэг. Мөн Л.Оюун-Эрдэнэ 60 тэрбумын гэх хотын фракцтай хэл амаа ололцож чадахгүй. Могой олон тасравч гүрвэлийн дайтай гэгчээр хотын фракц хүчээ алдсан ч МАН дотор нөлөө үүсгэх хэмжээнд буй гэдгийг сүүлийн үеийн томилгоо харуулна. Уг томилгоонд нөлөөлж буй хүний нэг нь Д.Амарбаясгалан байх талтай. Тэр дараагийн нүүдлээ харж байхыг үгүйсгэх аргагүй юм. Мөн МАН дотор хүчтэй байгаа С.Батболдын фракцын улс төрчдийг өөрийн талд урвуулах чадвар нь Д.Амарбаясгаланд байна.
Хэрэв У.Хүрэлсүх дээшилсэн нөхцөлд түүний орыг залгах хүн нь 1980-аад оны төлөөлөл, улс төрд хатуу самар болон өсч буй, улс төрийн хоор удирдаач Д.Амарбаясгалан байх нь гарцаагүй ээ.