Шинэ нисэх буудлыг хүлээж авах Улсын комиссийн илрүүлсэн зөрчлийн 60 хувийг арилгажээ
Хөшигийн хөндийд баригдсан шинэ нисэх буудлын барилга байгууламж, тоног төхөөрөмжийг ашиглалтад хүлээж авах Улсын комисс өнөөдөр хуралдаж хяналт, шалгалтын явцад илэрсэн зөрчил дутагдлыг арилгах ажлууд эхнээсээ хангагдаж байна гэж үзлээ.
Улсын комиссын болоод хяналт шалгалтын ажлын хэсгийн даргаар Зам, тээврийн хөгжлийн Дэд сайд Б.Цогтгэрэл, Нарийн бичгийн даргаар Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга Л.Бямбасүрэн нар ажилласан юм. Ингэхдээ чиглэл бүрийн нарийн мэргэжлийн ажилтнуудыг хамруулсан 85 хүний бүрэлдэхүүнтэйгээр энэ оны 01 дүгээр сарын 02-ноос 17-ны өдрүүдэд газар дээр нь очиж, хяналт, шалгалтыг хийжээ. Улсын комисс нь ажлын чиг үүргийн хүрээнд Агаарын навигацийн үйлчилгээний хэсэг, Аэродром, авто замын байгууламж, Хил хяналт, тусгай чиг үүргийн, Барилгын хийц архитекторын, Эрүүл ахуй цэвэр бохир усны, Эрчим хүчний хангамжийн, Харилцаа, холбоо мэдээллийн технологи, Механикийн, Тусгай тоног төхөөрөмжийн, Шатахуун хангамжийн, Хөрөнгийн үнэлгээний гэсэн 11 дэд ажлын хэсэгт хуваагдан ажилласан.
Зам тээврийн хөгжлийн сайдын 123 тоот тушаалын удирдамжийн дагуу дээрх Улсын комисс нь “Төрийн хяналт шалгалтын тухай”, “Барилгын тухай”, “Эрчим хүчний тухай”, “Авто замын тухай”, “Харилцаа холбооны тухай”, “Газрын тосны бүтээгдэхүүний тухай”, “Газрын тухай”, “Геодези зураг зүйн тухай”, “Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай”, "Цөмийн энергийн тухай”, “Эрүүл мэндийн тухай” , “Иргэний нисэхийн тухай”, “Агаарын зайг нисэхэд ашиглах тухай” Монгол Улсын хуулиуд болон Олон улсын иргэний нисэхийн байгууллагаас гаргасан зөвлөмж, шаардлагуудын хүрээнд хяналт шалгалтыг хийжээ.
Шалгалтад Улаанбаатар хотын Олон улсын шинэ нисэх буудлын онгоц хөөрч буух зурвас, явгалах зам, перрон, зорчигч үйлчилгээний барилга, нислэг хөдөлгөөний удирдлагын цамхаг, гал унтраах авран хамгаалах албаны барилга, ачаа шуудан тээврийн барилга, дулааны зуухны барилга, цэвэрлэх байгууламжийн барилга, усан хангамжийн барилга, цахилгааны үндсэн дэд өртөөний барилга, аэронавигацын систем болон 15 мянган метр инженерийн шугам сүлжээ, 825 автомашины зогсоол, гүүрэн гарц, зам, иж бүрэн шатахуун сумалгааны гидрант систем зэрэг нийт 31 барилга, байгууламжууд, суурилагдсан тоног төхөөрөмжүүд хамрагдсан байна.
Улсын комиссийн зүгээс илэрсэн зөрчлүүдийш арилгуулах талаар төслийн нэгж, зөвлөх компани, ерөнхий гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгч нарт үүрэг чиглэл өгчээ. Үүний дагуу Улаанбаатар хотын Олон улсын шинэ нисэх буудлын ашиглалтын өмнөх Захиргааны алба дээрх зөрчил, дутагдлуудыг бүрэн арилгахад хяналт тавин ажиллаж байгаа юм. Одоогийн байдлаар илэрсэн зөрчлүүдийн 60-аад хувийг арилгасан, биелэлтүүд нь сайн хангагдаж байгааг харгалзан Улсын комиссын гишүүд барилга байгууламж, инженерийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжүүдийг ашиглалтад хүлээн авахаар шийдвэрлэлээ. Гэхдээ комисс зөрчил, дутагдлуудыг бүрэн арилгаж дууссаны дараа дахин баталгаажуулах үзлэгийг нэгдүгээр улиралд багтаан хийх юм.