Нийслэлээс орон нутаг руу халдвар дамжих эрсдэл өндөр байна

Нийслэлээс орон нутаг руу халдвар дамжих эрсдэл өндөр байна

ЭМЯ-ны ээлжит мэдээллийн үеэр Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Чимэгсүрэн "ДЭМБ-ын аргачлалын дагуу хийсэн хамтарсан багийн 19 дэх үнэлгээгээр нийслэлээс орон нутаг руу коронавируст халдвар дамжих эрсдэл өндөр гарсан" гэлээ. Тэрээр "Манай улсад дотоодод 11-р сарын 11-ээс Улаанбаатар болон 6 аймагт халдвар бүртгэгдэж, нийслэлийн голомт идэвхтэй хэвээр байна.

Хэдийгээр нийслэлээс бусад голомтод коронавируст халдвар хумигдсан ч нийслэлд халдварын дэгдэлт өндөр байгаа энэ үед бусад аймаг руу халдвар тархах эрсдэл өндөр хэвээр байна. Сүүлийн өдрүүдэд нийслэлд голомт нь тодорхойгүй халдвар илэрч буй учир хүн бүр халдвар хамгааллын дэглэмээ сайтар барих чухал. ДЭМБ-аас тухайн голомтод 28 хоногт халдвар дахин илрээгүй бол хумигдлаа гэж үздэг. Манай улсын хувьд хяналтад Дорноговийн Замын-Үүд, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум байна. Харин бусад голомт буюу

  • Орхоны Баян-Өндөр сум,
  • Архангайн Батцэнгэл,
  • Сэлэнгийн Мандал, Алтанбулаг сум
  • Дорноговийн Айраг сум
  • Говьсүмбэр
  • Дархан-Уул аймагт дэгдсэн халдвар хумигдсан гэж үзэж байна.

Дэлхийн хэмжээнд хөл хориог чухалчилж буй бөгөөд манай улс өөрийн орны онцлогт тохирсон арга хэмжээг авч, тандалт, судалгааг хийж байна. Түүнчлэн үндэсний тандалтын тогтолцоогоор дамжуулан иргэдээс өргөтгөсөн шинжилгээг авч буй юм. Өнгөрсөн 7 хоногт 86 мянга гаруй иргэдийг шинжилгээнд хамруулжээ.