"Жаст” группын ерөнхийлөгч асан Ш.Батхүү Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас төрийн өмчит компаниудын нэрийг барин 140 сая ам.доллар зээлсэн нь өнөөдөр өмнөөс нь Монгол Улс төлөхөд хүрээд байна. Энэ жил дээрх өрийг Засгийн газар төлөхөөс өөр аргагүйд хүрсэн мэдээллийг эх сурвалж өгч байна. Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр, Улаанбаатар Төмөр зам нийгэмлэгийг барьцаалан, Төрийн өмчийн хороо батлан дааж “Жаст” группт 140 сая ам.долларын зээлийг дээрх “Стандарт” банкнаас олгосон байдаг. Энэ бол 2009 он юм. Харамсалтай нь зээлдэгч “Жаст” групп 2013 онд дампуурлаа зарлаж, Хадгаламж банкийг нь Монголбанкнаас татан буулгах шийдвэр гарснаар “Жаст” группын ерөнхийлөгч асан Ш.Батхүү дээрх зээлээ төлж чадахгүйд хүрсэн юм. Банкаа, компаниа дампууруулсан Ш.Батхүүг удалгүй хуулийнхан шалгаж эхэлсэн юм. Учир нь 2013 оны сүүлээс Өмнөд Афиркийн Бүгд найрамдах улсын “Стандарт” банкныхны зээлээ Монгол Улсын Засгийн газраас нэхэмжилж эхэлсэнээр Ш.Батхүү шалгагдаж эхэлсэн билээ.
Ш.Батхүү эхэндээ төрийн өмчит компаниудыг барьцаалж зээл аваагүй, харин тэдний өмнөөс хуурамч бичиг баримт бүрдүүлэн зээл авсан мэтээр тайлбарлаж байсан юм. Нөгөө талдаа барьцаалсан, батлан даалт гаргасан “Эрдэнэт”-ийн захирал Ч.Ганзориг, Улаанбаатар Төмөр зам компанийн захирал Т.Очирхүү, Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар нар ч батлан даалт гаргаж, зээл өгөх боломж өгөөгүй хэмээн мэлзэж байсан билээ. Энэ нь нэг талдаа Монголчуудад ашигтай ч гадныхан бидэн хулхидуулаад өнгөрнө гэж юу байхав. Цаг хожсон л хэрэг байлаа.
Монголын хуулийн байгууллага Ш.Батхүү хуурамч бичиг баримт бүрдүүлсэн гэх мэтээр тайлбарлаж, энэ асуудлаар нь эрүүгийн хэрэг хүртэл үүсгэж “Стандарт” банкийг доромжилсон тул тэд Арбитрын шүүхэд Монгол Улсын Засгийн газрыг өгсөн юм. Мэдээж олон улсын Арбитрын шүүхээс Ш.Батхүү хуурамч бичиг баримт бүрдүүлээгүй, Монголын төрийн өмчийн компаниуд батлан даалт гаргасан гэдэг дүгнэлт гаргаж, манай Засгийн газар 140 сая ам.доллар төлөх шийдвэрийг өнгөрсөн 2016 онд гаргасан юм. Эх сурвалжийн хэлж буйгаар Ш.Батхүүгийн өрийг төл гэсэн шүүхийн шийдвэр Монголын Засгийн газар, Төрийн өмчийн хороо, “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагуудад албан ёсоор ирсэн гэх мэдээлэл бий. Энэ өрийг энэ жил төлөх ёстой гэдэг мэдээллийг учир мэдэх эх сурвалж хэлж байгаа. Эдийн засаг хүндэрсэн, өмнөх өр зээлээ төлж чадахгүйд хүрсэн Засгийн газарт энэ нь чөдөр тушаа болох нь мэдээж юм. 2009 онд зээлсэн 140 сая ам.долларын зээл өнөөдөр их хэмжээгээр нэмэгдсэн байж таараа. Хэрэв энэхүү зээлийг төлж чадахгүйд хүрвэл тухайн улсад оршин суух элчин сайдын яам, консулын газрын байр зэргийг хураагаад авчихдаг бичигдээгүй дүрэм олон улсад мөрддөгдөг байна.
Ш.Батхүү, Д.Сугар, Ч.Ганзориг, Т.Очирхүү нар хариуцлагаас бултаж чаджээ
Ш.Батхүүг Улсын мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэсээс 2013 онд шалгаж эхэлсэн юм. Тэрээр хоригдож байцаагдсан ч эрүүл мэндийн шалтгаанаар улсын эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх зэргээр сүүлдээ батлан даалтад гарч байв. Гэвч өнөөдөр тэрээр сул чөлөөтэй алхаж яваа юм. Угтаа бол Монголын Засгийн газрыг өрөнд оруулсан тэр эрхэмийг өнөөдөр шалгаж байцаах, эд хөрөнгийг нь хураан авах байдал үүсэх ёстой. Гэвч манай хуулийнхан тавиад явуулчихсан. Ш.Батхүү өнөөдөр хаана, юу хийж яваа нь сураг алга байна. Нөгөө талдаа Ш.Батхүүд батлан даалт гаргасан төрийн компаниудын захирал Ч.Ганзориг, Т.Очирхүү, Д.Сугар нарыг шалгаж байцаах, тэдэн хариуцлага тооцох ёстой ч тэгсэнгүй.
Ш.Батхүү зээл авч байсан 2009 оны тэр үед С.Баяр ерөнхий сайдаар ажиллаж байсан юм. Сөрөг хүчин АН-ын Засгийн газрын үед Х.Тэмүүжин сайд ч асуудлыг шийдэж, гэмт хэрэгтнүүдэд хариуцлага хүлээлгэж чадаагүй. МАН өнөөдөр өөрийн намын угшилтай энэ хүмүүст хариуцлага хүлээлгэнэ гэж итгэхэд бэрх юм. Харин ч төрийн өндөр албан тушаал хашиж байна. Д.Сугар Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр сонгогдон, халдашгүй хамгаалалтад орчихсон яваа. 2013 онд түүнийг шалгаж байцаах шаардлага хуулийнханд гарч байсан ч тэрээр халдашгүй эрх ямбынхаа хүчинд хуулийнхнаас мултарч чадсан юм. Монголын төр, хууль хүчний байгууллагынхан эдгээр албан тушаалтнуудын өмнө хүчин мөхөстөж ирлээ.
Т.Амартүвшин
эх сурвалж: zindaa.mn сайт