LUXURIOUS: Шилний нийлүүлэлт тасарсан тул өөр шил ашигласан, үйлдвэрлэлийн үйл ажиллагаагаа бүрэн зогсоосон
Шинэ он гарахтай зэрэгцээд Luxurios гэх хуурамч оргилуун дарсны шуугиан цахимд дэгдсэн. Уг нь тус бүтээгдэхүүнийг "Цэс Хайрхан ХХК" гэх жимсний дарс, оргилуун дарс үйлдвэрлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг үйлдвэр үйлдвэрлэдэг. Гэвч шил бүрхсэн наалтны цаанаас "Советское" оргилуун дарсны шошго гарч ирсэн нь иргэдийн дургүйцлийг хүргэсэн юм.
Уг асуудлын талаар ШӨХТГ-ыхан тус компанийнхаас тодруулахад "Тээвэрлэлт саатсантай холбоотойгоор шилний нийлүүлэлт тасарч, хуучин шилээ ашигласан. Шампанскны хувьд хуурамч бус бусадтайгаа ижил" гэжээ. Тиймээс шампанск (Советское, Luxurios нэртэй 2 шампанск)- ийг шалгуулахаар Мэргэжлийн хяналтын лабораторд хандсан байна.
Түүнчлэн "Luxurios" оргилуун дарс үйлдвэрлэгч "Цэс Хайрхан ХХК" өөрийн цахим хуудсаараа дамжуулан хэрэглэгчдээсээ уучлал хүсжээ.
Тэд "2020 оны 12-р сарын 11-нд үйлдвэрлэлд хэрэглэхээр төлөвлөсөн шинэ шилэн лонх гааль дээр саатсан тул цөөн тооны бүтээгдэхүүнд манай үйлдвэрийн бусад оргилуун дарс болох “Советское” болон “Тансаг” бүтээгдэхүүнийхээ шилэн лонхыг үйлдвэрлэлийн ном журмын дагуу ариутган цэвэрлэж “LUXURIOUS” оргилуун дарсыг савлаж, худалдаалсан зөрчлөө ухамсарлан үндэсний үйлдвэрлэгчдийн нэр хүндийг сэвтээж, хэрэглэгчдийн итгэлийг алдсандаа бид гүнээ харамсаж уучлалт хүсэж байна.
Удирдлагын багийн зүгээс дотоод хяналт шалгалт хийлгүй хариуцлага алдаж, 2020 оны 12-р сарын 11-нд үйлдвэрлэлд хэрэглэсэн хуучин шилэн лонхны лазераар шивэгдсэн он сарыг сайтар арилгалгүй давхар шошготой бүтээгдэхүүнийг хэрэглэгч, харилцагчдадаа нийлүүлсэндээ дахин дахин УУЧЛАЛ хүсэж байна.
Дээрх гарсан асуудалтай холбогдуулан бид үйлдвэрлэлийн үйл ажиллагаагаа бүрэн зогсоосон бөгөөд холбогдох мэргэжлийн байгууллагуудын зүгээс хэрэгжүүлэх аливаа шийдвэр, арга хэмжээг даган мөрдөх болно.
Мөн 2020 оны 12 сарын 11,12-ны өдрийн бүтээгдэхүүнийг худалдан авсан хэрэглэгч, харилцагч бүрийн гомдлыг бид барагдуулах болно" гэсэн байна.