ХӨСҮТ-д коронавирусийн оноштойгоор хэвтэн эмчлүүлж байсан 76 настай эрэгтэй нас барлаа

ХӨСҮТ-д коронавирусийн оноштойгоор хэвтэн эмчлүүлж байсан 76 настай эрэгтэй нас барлаа

Эрүүл мэндийн яам Covid-19-ийн нөхцөл байдлын талаарх өнөөдрийн (2021.01.05) мэдээллээ хийлээ.


ХӨСҮТ-ИЙН ТАНДАЛТ, СУДАЛГААНЫ АЛБАНЫ ДАРГА А.АМБАСЭЛМАА:

-ХӨСҮТ-ийн Вирус судлалын хоёр лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, Дархан-Уул, Сэлэнгэ, Ховд аймгийн салбар лабораторид нэгдүгээр сарын 4-ний 11:00 цагийн байдлаар нийт 11581 сорьцод шинжилгээ хийхэд 22 хүнээс Сovid-19 илэрлээ. Эдгээр хүмүүс Улаанбаатар хотод шинээр бүртгэгдсэн. Тэдний 12 нь  Баянзүрх нэгдсэн эмнэлэгийн голомттой холбоотой бол өвчилсөн сувилагчийн гэр бүлтэй холбоотой дөрөв, сүүлд бүртгэгдсэн голомтуудын ойрын хавьтал болох тусгаарлагдсан хүмүүсийн анхны болон хоёр, гурав дахь шинжилгээнд вирус илэрлээ. Ингэснээр Улаанбаатарт хотод батлагдсан тохиолдол 491 боллоо. Энэ хугацаанд орон нутагт нэмж халдвар бүртгэгдээгүй. Улсын хэмжээнд багц өвчлөлийн тохиолдол 817 болж, сүүлийн 24 цагт таван хүн эдгэрсэн.

Монгол Улсын хэмжээнд батлагдсан тохиолдол 1308 болсон. Үүнээс эдгэрсэн 884 хүн буюу 67.6 хувь нь эдгэрсэн байна. ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэг, Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт нийт 413 батлагдсан тохиолдол эмчлүүлж байна. Биеийн байдал маш хүнд гурав, хүнд 12, хүндэвтэр 126, хөнгөн 272 хүн эмчлэгдэж байна. ХӨСҮТ-д 179 хүнээс маш хүнд хүн нэг байгаа бол Цэргийн  төв эмнэлэгт 215 хүн эмчлүүлж байгаагаас маш хүнд хүн хоёр, Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт 13 хүн эмчлүүлж, таван хүн эдгэрсэн. Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэгт зургаан хүн эмчлүүлж буй.

COVID-19-ИЙН ХАЛДВАРТАЙ 76 НАСТАЙ ХҮН НАС БАРСАН”

Өчигдөр /2020.01.04/ Covid-19-ийн халдвартай, 76 настай эрэгтэй ХӨСҮТ-д эмчилгээний тав дахь хоногтоо нас барлаа. Тэрээр зүрхний архаг дутагдалтай, зүрхний хэм алдагдсан, доод мөчдийн судас бөглөрөлттэй, архаг хууч өвчтэй байсан. Тэрээр Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байхдаа халдвар авчээ.

Улаанбаатар хотод цар тахлын дөрвөн том голомт байна. Ялангуяа Баянзүрх дүүргийн эмнэлэгийн голомттой холбоотой ойрын болон хоёрдогч хавьтлуудтай холбоотой халдвар, “Мөнххада” компанийн голомттой холбоотой 17 тохиолдол бүртгэгдээд байна. Үүнд тус компанийн зургаан ажилтан, тэдний гэр бүлийн 11 хүн багтаж буй. Мөн ХСҮТ-ийн ажилчидтай холбоотой 16 хүн халдварт өртсөн. Тэгэхээр гурав, дөрвөн голомтын хүрээ хязгаарыг тогтоох шаардлагатай байгаа. Ихэвчлэн гэр  бүл, нэг дор ажилладаг хүмүүсийн дунд халдвар маш хурдан тархаж байна.  Тиймээс хүмүүсийн нягтрал хамгийн эрсдэл болж байна. Улсын хэмжээнд 900 гаруй ойрын хавьтал, 600 орчим хүнийг ажиглан тусгаарлаж, 14 хоногийн хугацаа дуусч, гэрийн ажиглалтад байгаа бол 200 гаруй хүнийг хяналт тандалтад авсан. Тиймээс ард иргэдийн дунд хөнгөн балархай хэлбэрээр халдвар тархах эрсдэлтэй. Хүн болгон өвчлөх эрсдэлтэй учраас иргэд гадуур маш болгоомжтой явж, мэргэжилтнүүдийн зөвлөмжийг дагаж мөрдөхийг хүсье.

Тэрбээр сэтгүүлчийн асуултад хариулахдаа “Вакцины талаарх асуудлаар Эрүүл мэндийн яамны мэргэжилтнүүд судалж байна. Монгол Улс Дархлаажуулалтын тухай хуультай учраас баталгаажсан вакциныг хэрэглэнэ. Энэ талаарх нарийн мэдээллийг холбогдох мэргэжлийн хүмүүс мэдээлнэ. Манай улс аль улсын вакцин хэрэглэхээ хараахан шийдээгүй байгаа” гэв.