Хүн төрөлхтний хөгжлийн явцад бий болсон хамгийн том асуудлуудын нэг нь хотжилтыг дагасан агаарын бохирдол юм. Агаарын бохирдлоос шалтгаалсан өвчлөлүүд сүүлийн жилүүдэд нэмэгдэж буй нь улам бүр сэтгэл зовоосон асуудал болоод байна. Агаарын бохирдолд ихээр нэрвэгдсэн орнууд нь уул уурхай, газрын тос олборлолтоор дотоодын нийт бүтээгдэхүүний ихэнх хувийг хангадаг бөгөөд том хотууддаа иргэд нь бөөнөөрөө төвлөрөн амьдардаг гэсэн нийтлэг төрх ажиглагддаг. Харин агаарын бохирдол багатай орнуудад харьцангуй өндөр хөгжилтэй, хүн ам цөөнтэй байдаг. Улс үндэстэн бүр ард иргэдээ эрүүл аюулгүй орчинд амьдруулж эх дэлхийнхээ эко орчныг хайрлаж үр хойчдоо өвлүүлэн үлдээх үүрэгтэй. Манай орны хувьд сүүлийн 10 гаруй жил тогтмол агаарын бохирдол өндөртэй гэсэн үзүүлэлтэд багтаж, дээгүүр байр эзэлж байгаа юм. Тиймээс ч агаарын бохирдлыг бууруулах талаар үндэсний хэмжээнд хэлэлцэж, арга хэмжээ авч, бодлого боловсруулан ажиллаж байгаа ч төдий л үр дүнд хүрч чадахгүй байгаа билээ. БНХАУ агаарын бохирдлоороо тэргүүлдэг байсан бол бохирдлын эсрэг зөв бодлого, үр дүнтэй арга хэмжээ авч чадсанаараа энэ жагсаалтаас гарч чаджээ. Харин Монгол Улс энэ жил агаарын бохирдол хамгийн өндөр орнуудын гуравдугаарт жагсан байна.
Агаарын бохирдлоороо дэлхийд тэргүүлж буй 10 улс
- Бангладеш
- Пакистан
- Монгол
- Афганистан
- Энэтхэг
- Индонез
- Бахрейн
- Непал
- Узбекстан
- Ирак
Монголын талаар https://worldpopulationreview.com/ сайтад мэдээлснээр PM2.5-ийн дундаж агууламж 62 байгаа аж. Түүнчлэн Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод амьсгалын замын халдвар сүүлийн арван жилд 270 хувиар нэмэгдэж, нийслэлд амьдардаг хүүхдүүдийн уушгины үйл ажиллагаа хөдөө орон нутгийн хүүхдүүдийнхээс 40 хувиар сул байгааг онцолсон байна.