Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг Оросын Ростех компаниас Монголын зэс ХХК худалдан авсан үйл явц 2016 оны оны 06 сарын сүүлээр болсон байдаг. Энэхүү худалдаа хийгдэхэд Монгол Улсын Засгийн газар холбогдох хуулийн заалтыг зөрчсөн гэж тухайн үед л улс төрчид мэдэгдэж байлаа. Харин 2016 оны намраас эхлэн УИХ дээр энэ асуудлыг ярьж эхэлсэн. Ажлын хэсэг байгуулагдсан. Уг ажлын хэсгийн дүгнэлт гарч 2017 оны 01 сараас хэлэлцэж эхлээд байгаа билээ. Байнгын хороогоор уг асуудлыг ярьж дууссан. Харин УИХ-ын нэгдсэн чуулганаар хараахан хэлэлцээгүй байна.
Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг худалдан авсан “Монголын зэс” ХХК нь 400 сая ам долларыг бүрдүүлэхдээ заль мэх гаргасан. Цэвэр өөрийн хөрөнгөөр уг худалдан авалтыг хийгээгүй. Ихэнх нь төрөөс үүдэлтэй мөнгө. Монголбанкны 300 гаруй тэрбум төгрөг. Мөн хөгжлийн банкны зохих хөрөнгө байсан гэж УИХ-ын түвшинд үзэж байгаа бололтой.
МАН-ын бүлгийн зүгээс энэ асуудлыг Даваа гарагт маш нухацтай хэлэлцэн байна. Уг хэлэлцүүлгийн үед Монгол Улсын Ерөнхий сайдын байр суурийг бүх гишүүд сонсжээ. МУ-ын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын хувьд Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг төр авах эсэхийг өөрсдөө шийд. Надад төр авсан аваагүй, ялгаа байхгүй. УИХ-ын түвшиндээ л шийдэх асуудал гэж хариулсан байна. Харин УИХ-ын дарга М.Энхболдын хувьд түмэн олны сэтгэл аль зүгт байна. Тэр талруу нь шийдэж улс төрийн нэр хүндээ өсгөх нь зөв гэсэн бөөрөнхий хариулалт өгчээ. Ер нь МАН-ын дарга, УИХ-ын дарга М.Энхболдын хувьд аливаа асуудалд бөөрөнхий хариулалт өгдөг. Харин эцсийн мөчид ашигтай талд нь шийдвэрээ гаргадаг гэдгээрээ улс төрчдийн дунд яригддаг. Тэгэхээр мань хүн түрүүлж дугарч толгойгоо харлуулахгүйн тулд бүхний ард суухаар шийджээ. Харин эцсийн мөчид баатар болох нь түүний зорилго.
Ц.Нямдорж, Ш.Раднаасэд нарын гишүүд Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг төр авах дээр магнайлан зүтгэж байгаа. Тэдний хувьд “Монголын зэс” ХХК-тай зөөлөн яриа хэлэлцээр огт байхгүй. Харин үүнийх нь оронд хатуухан сануулга өгч асуудлыг шийдэх нь зөв. Тэднээс төр Эрдэнэтийн 49 хувийг авахдаа бараг л мөнгө төлөхгүй. Луйвардсан төрийн мөнгөөр нь буцаан авна. Тэд төрийн мөнгөөр л Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг авчихсан. 500 сая ам долларыг төрөөс гаргуулах тухай “Монголын зэс” ХХК-ийнхан мэдэгдэж байгаа юм. Харин Ц.Нямдорж нарын гишүүд төр 500 сая ам доллар гаргах бус “Монголын зэс” ХХК төрд мөнгө төлөх хүртэл хатуухан асуудал хөндөх болно гэсэн байр суурийг МАН-ын бүлгийн хуралдаан дээр илэрхийлж, зохих хуулийн заалтаар далайлгахаар шийдсэн гэнэ.
Ийнхүү УИХ-д 65 суудалтай МАН-ын бүлэг 3 хуваагдчихаад байна. Ихэнх нь Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг төр авна гэж зүтгэж байна. Харин цөөхөн хэсэг нь 49 хувийг төр огт авч болохгүй. Энэ маргаанаас Монгол Улс хожихгүй гэж үзжээ. М.Энхболд нарын гишүүд хөндлөнгөөс ажиглаж байгаад эцсийн мөчид ялагчийн талд орохоор болсон гэх мэдээлэл байна.