Өнгөрсөн оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс оны эхний өдөр хүртэлх хугацаанд улсын хэмжээнд гарсан зөрчлийг өмнөх долоо хоногтой харьцуулахад Нийслэлд 54,9 хувиар, орон нутагт 27,8 хувиар тус тус буурсан дүнтэй байна.
Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах зөрчил дээр дурдсанаар тодорхой хувиар буурсан ч Нийслэлд, тэр тусмаа Хан-Уул, Баянзүрх, Сонгинохайрхан дүүргүүдэд энэ төрлийн зөрчлийн гаралт буураагүй байна.
Харин өмнөх долоо хоногт өсөх хандлагатай байсан Гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой зөрчил 10,8 хувиар, орон сууцны оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулах зөрчил 32,1 хувиар мөн адил буурчээ.
Зөрчлийн хэргийг цагдаагийн байгууллага 96,99 хувийг, мэргэжлийн хяналт 0,33 хувийг, онцгой байдал 0,08 хувийг, бусад байгууллагын эрх бүхий албан тушаалтнууд 2,61 хувийг нь шалган шийдвэрлэжээ.
Тус долоо хоногт Зөрчлийн тухай хуульд зааснаар нийт 6554 хүн шийтгүүлсэн нь 51,4 хувиар, 9 хуулийн этгээд шийтгүүлсэн нь 62,5 хувиар буурчээ.
Дээрх хугацаанд ихэнх төрлийн зөрчил өмнөх долоо хоногоос буурсан үзүүлэлттэй байна. Тухайлбал, Хулгайлах зөрчил 1 дахин, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчил 54,8 хувиар, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчих зөрчил 49,4 хувиар, хүний биед халдах зөрчил 34,1 хувиар, олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах зөрчил 30,1 хувиар буурсан нь хамгийн өндөр хувьтай байна.
Энэ долоо хоногт төрийн албан тушаалтны шийдвэрийг үл биелүүлэх, үйл ажиллагаанд нь саад учруулах зөрчил Нийслэлд 18, орон нутагт 11, нийт 29 бүртгэгдэж 61,1 хувиар өссөн ба дийлэнх нь Хан-Уул, Баянзүрх дүүрэгт болон Баян-Өлгий, Дархан-Уул аймгуудад гарсан гэж Ерөнхий прокурорын газраас мэдээллээ.