Я.БУЯНЖАРГАЛ: “Ачтан-Элит клиник” эмнэлгийн ЕСӨН эмч, ажилтнаас коронавирусийн халдвар илэрсэн
“Ачтан-Элит клиник” эмнэлэгт үүссэн нөхцөл байдлын асуудлаар ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Тус эмнэлгийн ажилтнууд энэ сарын 3-ны өдөр шинжилгээнд хамрагдсан байна. Одоогийн байдлаар есөн эмч, ажилтнаас коронавирусийн халдвар илэрсэн. Тус эмнэлэг 134 эмч, эмнэлгийн ажилтантай. Өнгөрсөн сарын 28 хүртэл дотор, мэдрэл, хөнгөвчлөх эмчилгээний тасгууд ажиллаж байсан. Мөн өнгөрсөн сарын 12-нөөс эхлэн үйлчлүүлэгчдийнхээ халууныг үзэж, асуумж бөглүүлж судалгаа, тандалт хийж байсан.
Мөн хэвтэн эмчлүүлэгч нараас түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авч байсан. Хамгийн сүүлд арванхоёрдугаар сарын 24-нд тус эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан сүүлийн дөрвөн хүнээ эмнэлгээс гаргасан байна. Тэгээд арванхоёрдугаар сарын 29, 30-ны өдрүүдэд ариутгал, цэвэрлэгээ хийж эмч, ажилчдаа амраасан байна.
Тийм учраас арванхоёрдугаар сарын 15-наас хойш “Ачтан-Элит клиник” эмнэлгээр үйлчлүүлсэн иргэд заавал шинжилгээ өгөхийг анхааруулж байна” гэлээ.