Н.Номтойбаярын шүүх хурал маргааш болно

Н.Номтойбаярын шүүх хурал маргааш болно

УИХ, Засгийн газрын гишүүн асан Н.Номтойбаяр нарт холбогдох эрүүгийн хэргийн хяналтын шатны шүүх маргааш Дээд шүүхэд болно. Тэрээр хоригдож байх хугацаандаа УИХ-д нэр дэвшиж, түүн аав сонгуулийн сурталчилгааг нь хийсэн билээ. 

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн юм. Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Н.Номтойбаярт нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаатай хасаж, таван жил таван сар хорих ял оноосон. уг хэрэгт холбогдуулан анхан шатны шүүхээс Б.Шижиржаргалд дөрөв, Б.Нямдаваад гурван жил хорих ял оноосон бол М.Нямдэмбэрэл, Д.Батмөнх, Н.Ууганбаяр нарыг 15 сая, Н.Баттөгсийг 10 сая төгрөгөөр торгох ял шийтгэсэн.  Харин давж заалдах шатны шүүх хуралдаанаас М.Нямдэмбэрэл, Д.Батмөнх, Н.Ууганбаяр нарт оногдуулсан 15 сая төгрөгөөр торгон ялыг 10 сая төгрөг болгон багасгасан байдаг. 

Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхим Н.Номтойбаяр, Б.Нямдаваа, Б.Шижиржаргал, Н.Баттөгс, Н.Ууганбаяр, Д.Батмөнх, М.Нямдэмбэрэл, Н.Алтансувд нарт холбогдох 24 хавтас хэргийг шүүгдэгч Б.Номтойбаяр, түүний өмгөөлөгч Н.Мандах, Ч.Шаравнямбуу, шүүгдэгч Б.Нямдаваа, түүний өмгөөлөгч П.Баасанжав, шүүгдэгч Б.Шижиржаргал, түүний өмгөөлөгч Ж.Батмөнх, шүүгдэгч М.Нямдэмбэрэлийн өмгөөлөгч Ц.Баярмаа, Э.Гэрэл, шүүгдэгч Д.Батмөнхийн өмгөөлөгч Д.Мөнхтуяа, шүүгдэгч Б.Ууганбаярын өмгөөлөгч Б.Билгүүн нарын гаргасан гомдлыг үндэслэн маргааш хянан хэлэлцэнэ.