ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаагийн мэдээллийг хүргэж байна. Тэрбээр, 1-р сарын 7-ны өдөр 14225 хүнд PCR шинжилгээ хийхэд 33 хүнээс коронавирус илэрлээ.
Цэргийн төв эмнэлгийн эмч, сувилагч, бусад нь ХСҮТ, Мөнххада, Баянзүрх эмнэлэг, Ачтан эмнэлгийн ажилтнуудын гэр бүлийн хүмүүс байна.
Баянгол дүүргийн 6-р хорооны 43А байранд нэг орцны зургаан хүн халдвар авлаа. Орцоор дамжсан халдварын бас нэг тохиолдол нь "Мөнгөн Гүүр" эмнэлгийн сувилагч байсан тул тус эмнэлгийн эмч, мэргэжилтэн, хэвтэн эмчлүүлэгч, сахиур 141 хүнийг шинжилгээнд хамруулсан. 32 хүнийг ойрын хавьтал гэж тусгаарласан бөгөөд нэг эмчээс коронавирус илэрлээ. 140 хүнээс коронавирус илрээгүй.
Орцны халдварын бас нэг тохиолдол нь Иргэний нисэхийн ерөнхий газрын ажилтан байсан тул тус газрын ажилтнуудыг шинжилгээнд хамруулж байна. Тус газрын 171 хүнийг шинжилгээнд хамруулж, 20 хүнийг тусгаарлах байранд тусгаарлалаа.
Нэг орцны зургаан хүний хоёр нь олон хүнтэй байгууллагад ажилладаг. Нэг нь Ачтан эмнэлгийн голомтын хавьтал байсан учир тэр шугамаар тандалт судалгаанд орсон гэв.
ДОЛООН ХҮН ЭДГЭРЧ, ЭДГЭРСЭН ХҮНИЙ ТОО 896 БОЛЛОО
Баянгол дүүргийн 6-р хорооны 65, 43А, 57-р байранд коронавирусийн халдвар голомтлон гарлаа. Энэ орчим Ачтан эмнэлгийн ажилчдын байр байдаг юм байна. Тиймээс Баянгол дүүргийн 5, 6-р хороонд голомтын илрүүлэг хийх шинжилгээг өчигдөр оройноос эхлүүлжээ.
Улаанбаатарт батлагдсан тохиолдол 571 болж, орон нутагт халдвар бүртгэгдээгүй. Сүүлийн 24 цагт долоон хүн эдгэрч эмнэлгээс гарлаа. Үүний зургаа нь Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлэгт эмчлэгдэж байсан.
Монгол Улсын хэмжээнд батлагдсан тохиолдол 1395, үүнээс 896 буюу 64.2 нь эмчлэгдэж эдгэрсэн. ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Хан-Уул дүүргийн эмнэлэг, Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт нийт 488 хүн эмчлүүлж байна. Үүнээс биеийн байдал маш хүнд 3, хүнд 12, хүндэвтэр хүн 150, хөнгөн хүн 323 байна хэмээн ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ.