Хахууль авсан цагдааг торгоод өнгөрлөө

Хахууль авсан цагдааг торгоод өнгөрлөө

БНХАУ-ын иргэнээс 1 сая төгрөгийн хахууль авч Монгол эмэгтэйг хохироох гэж байсан цагдаагийн албан хаагчийн хэрэг шүүхээр шийдэгджээ. Тодруулах юм бол иргэн Г гэх эмэгтэйг БНХАУ-ын иргэн Чин овогтой Алимусуд гэгч зодож гэмтэл учруулсан хэрэг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт гарсан байдаг. Уг хэргийн гомдол мөн тус дүүргийн цагдаагийн хэлтэст ирж шалгагдаж байжээ. Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр иргэн Г нь хөнгөн гэмтэл авсан болох нь тогтоогдсон байна. Нэгэнт хохирсон иргэн Г нь гомдолтой учир хэргээ нарийн шалгуулж шийдүүлэх хүсэлтийг мөрдөн байцаагчдаа гаргасан байдаг.

Харин хэргийг мөрдөж байсан тус дүүргийн мөрдөн байцаагч Б нь уг хэргийг хялбаршуулсан байдлаар шийдэх гэж оролджээ. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 415,2-т зааснаар Энэ хуулийн 414,1-т заасан гэмт хэргийн сэжигтэн, яллагдагч, хохирогч харилцан зөвшөөрч, хүсэлт гаргасан бөгөөд сэжигтэн, яллагдагч гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн, хохирогч хохирлын талаар маргаангүй бол хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх бөгөөд хэрэг бүртгэх ажиллагааг эрүүгийн хэрэг үүсгэснээс хойш нэн даруй гүйцэтгэнэ” гэж заажээ. Энэхүү заалтыг үндэслэн мөрдөн байцаагч уг хэргийг шийдэх гэж оролдсон нь учир шалтгаантай байжээ. Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаагч Б нь БНХАУ-ын иргэн Алимусудаас 1 сая төгрөгийг 2015 оны 5 сарын 8 өдөр авсан байдаг байна. Үүний улмаас уг хэргийг дээрх хялбаршуулсан нөхцөлөөр шийдэх гэж оролджээ.

Үүнийг нь мэдсэн хохирогч Г мөрдөн байцаагчийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгуулах хүсэлт гаргаж хэргийг мөрдсөн байдаг. Ингээд АТГ-ын зүгээс мөрдөн байцаагч Б-г гэм буруутай гэж үзэж шүүхэд шилжүүлсэн юм. Шүүх уг хэргийг авч хэлэлцээд мөрдөн байцаагч Б буруутай гэж үзсэн учир торгох ялаар шийтгэсэн байна.