"Ачтан, Тэнүүн-Огоо зэрэг голомтоос 13 шинэ тохиолдол илэрлээ"

"Ачтан, Тэнүүн-Огоо зэрэг голомтоос 13 шинэ тохиолдол илэрлээ"

Эрүүл мэндийн яам Covid-19-ийн нөхцөл байдлын талаарх өнөөдрийн (2021.01.09) мэдээллээ хийлээ.


ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.АМБАСЭЛМАА:

-ХӨСҮТ-ийн Вирус судлалын гурван лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон аймгийн салбар лабораторид нэгдүгээр сарын 9-ний 11.00 цагийн байдлаар нийт 13773 сорьцод шинжилгээ хийхэд 13 хүнээс Сovid-19 илэрлээ. Эдгээр нь "Ачтан" эмнэлгээс халдвар авсан хүмүүсийн гэр бүлийнхэн, "Тэнүүн-Огоо" голомттой хавьталтай ажиглалтанд байсан хүмүүсээс илэрлээ.

"Ачтан" эмнэлгийн 21 эмч, ажилчид халдварт өртсөн бол тэдгээрийн ойрын хавьтлын 24 хүн халдвар аваад байна. Баянзүрх дүүргийн мэдээлэл холбооны сүлжээ компанийн нэг хүн халдвар авсан нь тогтоогдож, тус газрын 10 хүнийг тусгаарлаад байна. Мөн "Family Med" эмнэлгийн нэг ажилтнаас халдвар илэрч тусгаарлаад байна. Энэ эмнэлгээр үйлчлүүлсэн хүмүүс шинжилгээ өгөх шаардлагатай. Нийт 1260 хүн ойрын хавьтал хэмээн ажиглалтад байна.

Баянгол дүүргийн 5,6-р хороонд голомтын илрүүлэг шинжилгээг өчигдрөөс өргөн хүрээтэй зохион байгуулж байна. Тус дүүргийн 8539 хүний шинжилгээ авч 549 хүний шинжилгээ одоогоор гараад байна. Өнөөдөр, маргааш нийслэлийн шинжилгээ авдаг газрууд бүгд Баянгол дүүрэгт ажиллана. Гэр бүл дамжсан 3, 4 том голомт байна.

Монгол Улсад Covid-19 халдварын батлагдсан 1408 тохиолдол бүртгэгдсэнээс зөөвөрлөгдсөн 408 тохиолдол байна. Эдгэрсэн 896, эмчлэгдэж байгаа 501 тохиолдлын дотор хөнгөн 352, хүндэвтэр 134, хүнд 12, маш хүнд 3 хүн байгаа. Мөн нутаг буцсан 9 хүн бий.

  • Улаанбаатар хотод шинээр 13, нийт тохиолдол 584
  • Сэлэнгэд нэмж илрээгүй, нийт тохиолдол 216
  • Дорноговьд нэмж илрээгүй, нийт тохиолдол 32
  • Орхонд нэмж илрээгүй, нийт тохиолдол 25
  • Дархан-Уулд нэмж илрээгүй, нийт тохиолдол 45
  • Говьсүмбэрт нэмж илрээгүй, нийт тохиолдол 4
  • Архангайд нэмж илрээгүй, нийт тохиолдол 3
  • Зөөвөрлөгдсөн хоёр тохиолдол нэмэгдэж нийт тохиолдол 408

-Баянзүрх дүүргийн голомт хяналтанд орсон уу?

-Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн цөм голомтын үргэлжлэх хугацаа хяналтанд орсон. Цааш гинжин хэлхээгээр үргэлжлэн явагдаж буй хоёр дахь, гурав дахь голомттой холбоотой гэр бүлийн болон кластер халдварууд үргэлжилж байгаа. Эмнэлэгтээ холбоотой тухайн үед байсан хүмүүсийн халдвар тухайн цэгтээ хяналтанд орсон гэж иргэд ойлгох хэрэгтэй. Баянзүрх дүүргийн голомт бол маш том. Өнөөдөр л гэхэд 326 тохиолдол тус дүүргээс илрээд байна. Одоо гинжин хэлхээ нь үргэлжилж байна гэж үзэх ёстой.

-Тэтгэвэрт гарсан эмч нарыг ажиллуулна гэв үү?

-Хүний нөөцийг бүрэлдүүлэх, ажиллуулах төлөвлөгөө гэж бий. Үүний дагуу тангараг өргөсөн эмч нар ажиллахад бэлэн гэдгээ мэдэгдсэн. Халдварын голомтод ажиллаж буй эмч нар маш их ядардаг, халдвар авах эрсдэл өндөр учир нөөц бүрдүүлэхийн тул зарим хүмүүстээ мэдээлэл өгч бэлэн байдалд байлгаж байна.

-Халдварын нууц үе, ойрын хавьтлын талаар ?

-Энэ вирус агаар дуслын замаар хүний биед ороод үржинэ, өвчин үүсгэнэ. Орсон хойно эрүүл бие махбодиор дамждаг. Энэ бол тодорхой хугацаа. Ийм учраас халдварт өвчинд нууц үеийн хугацаа гэж бий. Вирус, нян тодорхой хугацааны дараа биеийг өвчлүүлж, халдвар тараах эрсдэл үүсгэдэг. Халдварын нууц үеийн хугацаа 1-14 хоног. Монголд 5-7 хоногийн дотор халдварын идэвхжилт өндөр байгаа гэж бид тогтоосон. Энэ үед ямар ч шинж тэмдэг илэрдэггүй. Эрүүл хүмүүстэй адил байна. Нууц үеийн хугацаанд хавьтал болсноос 14 хоногийн дотор таныг халдвар авсан байж магадгүй гэж тусгаарлаж байгаа болохоос биш эрүүл хүмүүсийг тусгаарлаагүй. Хавьтал болсон хүмүүсийн 80 гаруй хувь нь эхний шинжилгээгээр халдвартай гэж тогтоогдож байгаа бол 10 гаруй хувь нь хоёр дахь шинжилгээгээр, 3-4 хувь нь гурав дахь шинжилгээгээр вирус илэрч байна. Бид 24-48 цагийн дотор халдвар авсан хүний ойрын хавьтлуудаас анхны шинжилгээг авдаг. Хоёр дахь шинжилгээг долоон хоногийн дараа,  гурав дахь шинжилгээг 14 хоногийн дараа авдаг.

-Тусгаарлах байрны хуваарилалт хэр байна вэ?

Ажиглан тусгаарлах байранд хүмүүсийн нэг нэгээр нь тусгаарлаж байгаа. Харин гэр бүлийн хүмүүсийг хамтад нь тусгаарлаж байгаа.