“Жаст” группийн ерөнхийлөгч Ш.Батхүү Эрдэнэт үйлдвэрийг барьцаалж Өмнөд Африк дахь “Стандарт” банкнаас 140 сая ам доллар зээлсэн байдаг. Энэхүү үйл явдал нь 2009 онд болжээ. Тэрхүү зээлийг авахад нь тухайн үеийн Ерөнхий сайд С.Баярын нөлөө байсан тухай ч улс төрийн хүрээнийхэн ярьдаг. С.Баярын нөлөөгөөр тухайн үеийн Эрдэнэт үйлдвэрийн захирал Ч.Ганзориг, Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар, УБТЗ-ын дарга Т.Очирхүү нар оролцсон гэж үздэг. Эдгээр хүмүүс л “Жаст” группийг Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас зээл авахад нь төрийн өмнөөс батлан даасан. Харин өнөөдөр төр эдгээр хүмүүсийн балгаар өрөнд орчихоод сууж байна. Хариуцлага хүлээсэн хүн алга.
Уг хэргийг 2013 онд илрүүлсэн байдаг. МАН засаглах хугацаанд хийгдсэн энэхүү хэрэг 5 жилийн хугацаанд хэнд ч мэдэгдэхгүйгээр далд хэлбэрт байжээ. Харин засаглал солигдож энэхүү хэргийн талаар хууль, хяналтын байгууллагынхан мэдсэн юм.
Уг хэрэгт холбогдсон гол буруутан Ш.Батхүүгийн хэрэг өршөөлийн хуульд хамрагдсан байна. 2013 оны 9 сарын 23-нд хорих шийдвэрийг гарган цагдан хорьж байжээ. Ш.Батхүүтэй хамт Төрийн өмчийн хорооны 2 өндөр албан тушаалтанг цагдан хорьсон байдаг. Ш.Батхүүд Эрүүгийн хуулийн 233,1, 233,2 гэсэн зүйл заалтаар ял тулгаж байв. Дээрх зүйл анги нь тамга тэмдэг хуурамчаар үйлдсэн гэх үндэслэлтэй. хэрэв гэм буруутай нь тогтоогдох юм бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5-50 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 1-3 сар хүртлэх хугацаанд баривчлах ялаар шийтгэх байлаа. Энэ хэрэг шийдэгдсэн байлаа ч гэсэн одоогийн ханшаар тооцоход л Ш.Батхүү 12,000,000 төгрөг төлөөд л ялаас мултрах байжээ. Улсад 140 сая ам долларын хохирол учруулчхаад 12 сая төгрөг төлөх нь тийм зөв шийтгэл гэж үү?
Гэхдээ Ш.Батхүү нь уг хэрэгтээ ял хүлээгээгүй. Хоригдох хугацаандаа өвчний улмаас эмнэлэгт хэвтсэн. Хэрэг нь өршөөлийн хуульд хамрагдсан үндэслэлээр ялаас мултарч чадсан юм.
Уг хэрэгт холбоотой гэгдэж байсан Ч.Ганзориг, Д.Сугар, Т.Очирхүү нар нь хэргээс яагаад мултрав. Хэргийн гол буруутан Ш.Батхүү нь эдгээр хүмүүсийн гарын үсгийг хуурамчаар үйлдсэн гэдгээ мөрдөн байцаалтын явцад хүлээн зөвшөөрчээ. Ингээд л дээрх албан тушаалтангууд хэрэгт холбогдолгүй болсон байна. Үүний цаана Ш.Батхүү хэргээ өршөөлийн хуульд хамруулах гэсэн зорилго байжээ гэж хууль, хяналтын байгууллагынхан харддаг юм байна.
Ийнхүү Улсын том үйлдвэрт 140 сая ам долларын өр үлдээсэн хэрэг завхарчихсан. Өнөөдөр хэргийн эзэн хэнгэргийн дохиур зөөлөн буйдандаа шигдэн тухалсан байхад улс өрийг нь төлөх гээд зүдэрч байна.