Өнөөдрөөс буюу 2021 оны 1 дүгээр сарын 11 өдрөөс Улаанбаатар хотод өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг буулгав. Өнөөдрөөс эхлэн Улаанбаатар хотод 18 чиглэлийн үйл ажиллагаанаас бусад аж ахуйн нэгж ажиллаж байна. Сургууль, цэцэрлэг ороогүй хэвээрээ байгааг эс тооцвол хүмүүсийн хөдөлгөөн эрс нэмэгдэж, хоорондоо харилцах байдал ихсэв.
2020 оны 11 дүгээр сарын 11 өдрөөс эхлэн өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг тогтоож, хатуу хөл хориог авч хэрэгжүүлсэнээс хойш яг 2 сарын дараа хатуу хөл хорионы зэргийг бууруулж, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэв. Улсын онцгой комиссоос авч хэрэгжүүлсэн дээрх арга хэмжээний хүрээнд амьдрал сайжирсангүй, асуудал шийдэгдсэнгүй. Үүний буруутан нь мэдээж хэрэг Улсын Онцгой комисс. Тэд улс даяараа онцгүй л ажиллав. За энэ ч яахав. Нэгэнт болоод өнгөрсөн хойно.
Харин иргэд ухамсартай хандаж, асуудалд эерэг байхгүй бол эрсдэл өндөр гэдгийг анхаарах хэрэгтэй. Хэдийгээр дотоодол илэрсэн халдварын хэд хэдэн голомтыг хумиж чадсан ч далд хэлбэртээ байгаа. Сүүлд илэрсэн 2 голомтыг хараахан хумиж амжаагүй байна. Дамжиж халдварлаж буй гэдгийг Эрүүл мэндийн байгууллага байнга анхааруулж буй. Ийм нөхцөлд эрсдэл хаалга тогшиж байна. Иймээс хөл хориог сулруулсан гэх шалтгаанаар иргэд олноороо цугларч, шоудах, агаар салхинд гарах, айл хэсэх зэрэг үйдлийг тэвчих хэрэгтэй юм.
Мөн гадаадаас иргэдээ татан авах тухай шаагилдах болов. Үнэн хэрэгтээ Монгол улс дотоодод тархсан халдвараа барьж дийлэхгүй, өвчлөл нэмэгдсэн нөхцөлд эмчлэх орны хүрэлцээ байхгүй сууж байна. Уг нь Улаанбаатарт 10,000 эмчилгээний ор бэлдэж чадахгүй мунгинаж сууна. 2000 ор бэлэн гэж мэдэгдэж буй Эрүүл мэндийн салбарынхан энэ үгэндээ хүртэл итгэл муутайхан дуугарч байгаас харахад өвчлөл газар авсан нөхцөлд үнэндээ иргэдээ гэртээ өөрөө өөрийгөө эмчил гэж хэлж мэдэхээр л эрсдэлтэй байгааг иргэн бүр ойлгох хэрэгтэй. Тэгэхгүй төрд найдаж, түмэн олон хууртаж, эрсдэлд орж мэдэх юм шүү. Үүний ганц баталгаа нь өнгөрсөн 10 гаруй сар хөл хорионд итгэж, өвчлөл дотоодод алдахгүй хэмээн найдаж байсан ч яав. Тусгаарлалтын байрнаас гарсан хүн дотоодод халдвар тарааж, хаанаас үүсэлтэй нь мэдэгдэхгүй халдвар бүртгэгдэж, Улсын онцгой комисс сүржигнэж суусанаас даржин ажилласан гэдэг нь батлагдчихлаа. Ийм нөхцөлд гадаадад буй иргэдээ Монгол улс шууд татан авчихана гэдэг тун ч бүрхэг шүү. Харин ч эрсдэл өндөртэй энэ нөхцөлд гадаадад буй Монголчууд наашаа тэмүүлэх бус наанаа тэсч, аюулгүй байх аргаа олох нь Монголд буй 3 сая иргэнд хүргэж буй тус болж мэдэх юм.
Харин дотоодод буй иргэн бүр аюулгүй байдлаа хамгаалж, өөрөө өөрийгөө эрсдэлд оруулахгүй байх нөхцөл бүрийг анхаарах шаардлагатай болжээ.