Монгол ардын намын ээлжит бага хурал онлайнаар зохион байгуулагдсан. Тус хуралд тус намын дарга У.Хүрэлсүх илтгэл тавьж, хэлэлцүүлсэн гэнэ. МАН-ын өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн ажлыг Ерөнхийдөө танилцуулсан бөгөөд бага хуралд оролцогчид 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд намын удирдлага хэрхэн анхаарч буйг илүүтэй сонирхжээ.
Монгол Ардын намын даргын илтгэлд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших шаардлага хангаж буй 10 хүний нэр гарсан гэнэ. Эдгээр 10 хүн нь бүгд л улс төрд удсан, тодорхой зам мөртэй, нийгэмд сайн муу хэлэгдэж буй хүмүүс.
Тухайлбал магадлал өндөртэй нэр дэвшигчдийн тоонд С.Батболд. Одоогийн УИХ-ын гишүүн С.Батболд нь хэрэв нам нь итгэл хүлээлгэсэн нөхцөлд Ерөнхийлөгчид нэр дэвшинэ гэдгээ ил зарлачихсан. С.Батболд гэдэг улс төрч Ерөнхийлөгчийн сонгуульд зүтгэнэ гэдгийг эртнээс харсан учраас түүнийг оны өмнө ноолж эхэлсэн. Мөн түүний хүрээллийн зарим нэг томилгоо хусагдсан зэрэг нь хөшигний ард С.Батболдыг Ерөнхийлөгчид зүтгүүлнэ гэх тохиролцоо явагдсан гэдгийг гэргчлэх мэт. Түүний хувьд Ерөнхийлөгчийн сонгуульд хүч үзэх тухай бодохоос гадна намын удирдлагыг гартаа авах тухай ч давхар бодож буй юм билээ.
УИХ-ын дарга Г.Занданшатар нэр дэвших магадлал маш өндөр хэмээн яригдаж байна. Түүний хувьд өөрөө сонирхолтой байгаа ч намынхан нь дэмжих эсэх эргэлзээтэй юм. Ер нь бол Г.Занданшатарын хувьд нам гэхээсээ илүү У.Хүрэлсүх юу хүснэ түүний хэрэгжүүлнэ гэх таамаг явж буй. Гэвч нөгөө талдаа Г.Занданшатар Ерөнхийлөгч Х.Баттулгатай их ойр шадарлах болсон. МАН-аас зөөлөн боорцог болж нэр дэвших гэж зүтгэж болох юм. Учир нь хэрэв Х.Баттулга нэр дэвших эрхээ өвөртөлж чадсан нөхцөлд Г.Занданшатар бол зөөлөн боорцог хэмээн таамаглаж буй гэх яриа улс төрийн хүрээнд гараад амжжээ.
Мөн намаасаа дэмжлэг авч дөнгөх улс төрчийн дотор Ц.Нямдорж явж байна. Хэдийгээр 2020 оны УИХ-ын сонгуульд МАН-аас Орхон аймагт нэр дэвшсэн ч ялагдал хүлээж, өнөөдөр Ерөнхий сайдын зөвлөхөөр ажиллаж буй хашир улс төрчийн хувьд Ерөнхийлөгчийн сонгуульд хүч үзсэн нөхцөлд хатуу самар байх нь гарцаагүй. 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга мөн л өмнөх жил нь УИХ-ын сонгуульд орон нутагт өвдөг шороодож байсан нэгэн билээ. Өвдгөндөө шороотой бөх туг тойроч болдог гэдгийг Ц.Нямдорж дахин нотлохоор бэлтгэлээ сэм базааж буй юм билээ. Түүний хувьд намынхаа олон фракцаас дэмжлэг авч дөнгөх нэгэн учраас хамгийн чанга өрсөлдөгч хэмээг цоллуулж байна.
Мэдээж хэрэг бага хурлын гишүүд МАН-ын дарга У.Хүрэлсүхийг нэр дэвших шаардлагатай гэх яриаг өрнүүлээд амжжээ. Харин Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хувьд намын гишүүд, олон нийт дэмжиж буй гэх бөөрхий үг хэлээд өнгөрсөн гэнэ. Энэ нь өөр дээрээ гал дуудахыг хүсэхгүй байгаагийн жишээ. Харин илүүтэй төөрөгдүүлэх мэт 10 хүнийг нэрлэж буй нь Ерөнхийлөгчийн сонгуульд У.Хүрэлсүх нэр дэвших магадлалтай гэх таамгийг олон хүнд төрүүлжээ. Учир нь У.Хүрэлсүхийн хувьд илтгэлдээ дурдахдаа Ерөнхийлөгчийн сонгуульд МАН заавал ялалт байгуулах ёстой хэмээн дурдсан нь өөрөө явсан нөхцөлд ялалт байгуулна гэдэгтэй агаар нэг сонсогдож буй юм.
Ийнхүү МАН-ын их хурал 2021 оны 3 дугаар сарын 1 өдөр болно. Уг хурлаас МАН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшигч тодрох юм. МАН энэ удаагийн сонгуульд илүүтэй ач холбогдол өгч, ялалт байгуулахын тулд бүх талаараа анхаарах нь гарцаагүй. Учир нь 2017 оны ялагдалдаа тэд дүгнэлт хийж буй. Мөн Ерөнхийлөгчийн сонгуульд бүтэлгүйдсэн нөхцөлд өнөөдрийн У.Хүрэлсүх гэдэг хүн улс төрөөс арчигдаж мэдэгдэх юм. Тиймээс тэд зөвхөн ЯЛАЛТ гэдэг ганцхан үгэнд дэндүү их ач холбогдол өгөх болно.