Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга улс төрд чанга тоглогч. Санаанд оромгүй нүүдэл хийж олон нийтийг өөртөө итгүүлэх пиарыг гарамгай хийдэг. Гэвч түүний сүүлийн хоёр нүүдэл тэр улс төрд урагшлах замгүй болсон гэдгээ бататгаж өгөх шиг болов.
Хэдхэн өдрийн өмнө Ерөнхийлөгч Х.Баттулга өрх бүрт нэг сая төгрөг өгөх тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барив. Ингэхдээ тухайн мөнгийг 200,000 төгрөгийг өрх бүрт бэлнээр өгөх. Үлдсэн мөнгөн дүнгээр үндэсний үйлдвэрлэгчийн бараа бүтээгдэхүүн авах тухай өмнө нь ярьж байсан саналаа бичээд ороод иржээ. Хамгийн сонирхолтой нь оффшор бүсээс орж ирсэн мөнгөөр энэ ажлыг хийж гүйцэтгэх тухай юм. Олон иргэн гайхаж, олон иргэн халаглаж, олон иргэн шоолж өнгөрүүлэв.
Ерөнхийлөгч Х.Баттулга ням гарагт Монголын Үндэсний олон нийтийн телевизээр ярилцлага өгөв. Тэрхүү ярилцлага дотроо өөрийнхөө өргөн барьсан УИХ-ын тогтоолын төслийнхөө хэрэгжих боломжгүй гэдгийг хэлээд өгчихлөө. Тэр нь оффшор бүсээс нэг ч төгрөг Монголд орж ирээгүй гэдэг үг. Хэрэв орж ирсэн нөхцөлд ийм арга хэмжээ авах хэрэгтэй хэмээн тогтоолын төсөл өргөн барьсан гэнэ.
2017 онд Ерөнхийлөгч болохдоо л оффшор бүсээс мөнгө оруулж ирнэ хэмээн олон нийтийн тархийг угааж байсан Х.Баттулга гэдэг улс төрчийн баттерей ийнхүү дууссан гэдэг нь дээрх нүүдлээс нь харагдаж байна. Түүнд түмэн олондоо тайлагнах гавьяа алга. Тэр оффшор бүс гэх үгээр олон нийтийг 4 жилийн өмнө татаж байсан хэлсэн үг, хийсэн үйлдэл хоёр нь алд зөрсөн учраас өнөөдөр өөрийнхөө үгэнд ороогдож, бас өөрөө нүүх нүүдэлгүй болчихсон тул арга ядсан алхам хийж сууна.
Х.Баттулга гэдэг улс төрчөөс өнгөтэй шийдвэр, өөдрөг хүлээлт хэрэггүй гэдгийг өнгөрсөн 4 жил харуулчихлаа даа. Тэр өнөөдөр өөрөө өөртөө буугаад өгчихжээ. Харин өөрийг нь тойрон хүрээлж буй хүмүүс л бууж өгч болохгүй хэмээн буруу зөрүү алхам гишгүүлж суугаа гэдэг нь харагдаж байна. Үүний нэг илэрхийлэл нь Үндсэн хуулиа уншихгүйгээр УИХ-ын тогтоолын төсөл өргөн барив. Мөн алаагүй баавгайн арьсыг нөмрөв гэгчээр орж ирэх нь худал мөнгөөр олон нийтийн тархийг угаах гэж оролдов. Одоо цаг ондоо болсон. Олон нийт мэдээлэл сайтай болсон гэдгийг эрхэм Ерөнхийлөгч Х.Баттулгыг хүрээлэн хоол олж идэгсэд хүлээн зөвшөөрөх цаг болжээ.