ӨНӨӨ ӨГЛӨӨ УЛААНБААТАРТ 05:33 ЦАГ ОРЧИМД ГАЗАР ХӨДӨЛЖЭЭ. ЭНЭХҮҮ ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН ЧИЧИРГЭЭ ИЛТ МЭДРЭГДЭМ ХҮЧТЭЙ БАЙСАН БӨГӨӨД ОЙРОЛЦООГООР 30 СЕКУНД ОРЧИМ ҮРГЭЛЖИЛСАН БАЙНА.
Олон улсын газар хөдлөлтийн судалгааны байгууллага /EMCS-CSEM/ 2021 оны нэгдүгээр сарын 12-ны өдөр ОХУ-Монгол Улсын хил орчимд орон нутгийн цагаар 07:02 минутад М4.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болно гэж урьдчилан мэдээлжээ. Хөвсгөл нуурын ойролцоо, Байгаль нуураас баруун зүгт газар хөдлөлтийн төв байжээ. Нарийвчилбал, уг газар хөдлөлтийн төвийг ОХУ-ын Ангарск хотоос 263 километр, Монгол Улсын хилээс 21 километр зайтай гэж тогтоосон байна. Энэхүү голомт орчимд ойр ойрхон зургаан удаа газар хөдөлсөн юм байна.
Өнөө өглөөний газар хөдлөлт Хөвсгөлийн Ханх суманд хамгийн хүчтэй, Улаанбаатар, Эрдэнэт, Дархан хот, Архангай аймаг зэрэг томоохон хот, суурин газруудад мөн чичиргээ нь тодорхой хэмжээгээр мэдрэгдсэн ажээ. Монгол, Оросын хил орчим болсон энэ удаагийн газар хөдлөлтийг сүүлийн сар гаруйн хугацаанд дэлхий даяар бүртгэгдсэн газар хөдлөлтүүдийн хамгийн хүчтэй нь гэж үзэж байгаа юм байна.
Газар хөдлөлт болохыг монголчууд амьдралын хар ухаанаар, байгаль, ан амьтан, мал сүргийнхээ зан араншин, онцлогийг ажиглан таамаглаж мэддэг байсан уламжлалтай. Үүний жишээ нь, өнөөдөр өглөөний газар хөдлөлтийг зарим хүн зургаа хоногийн өмнө таамаглаж байсан ажээ. Тухайлбал, АНУ-д ажиллаж, амьдарч буй судлаач Ш.Баатар нэгдүгээр сарын 06-нд твиттэртээ “Монголд бугын сүрэг айлын хотонд ойртож, малтай нийлжээ. Ямар үед ингэдэг вэ? Том газар хөдлөлтийн өмнө ийм юм болдог ажээ. 1966 онд газар хөдлөхийн өмнө аргаль, янгир хонь дагаад хотод орж ирсэн, зэрлэг амьтад уулнаас буусан гээд өвөө ярьж байв. Ядаж байхад бүү газар хөдлөөсэй!” хэмээн жиргэж байжээ.