Эрүүл мэндийн яамнаас Сovid-19 халдварын нөхцөл байдлын талаар цаг үеийн ээлжит /2021.01.12/ мэдээллээ хийлээ.
Нийт 15849 сорьцод шинжилгээ хийхэд 14 хүнээс Сovid-19 халдвар илэрчээ. Эдгээр тохиолдлууд нь Улаанбаатарт бүртгэгдсэн байна.
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.АМБАСЭЛМАА:
-Улаанбаатарт бүртгэгдсэн 14 тохиолдлыг задалбал, Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны 2 гэр бүлийн есөн хүн, Баянгол дүүргийн зургадугаар хорооноос нэг гэр бүлийн 3 хүн, Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгтэй холбоотой гэр бүлийн дамжсан халдвараас нэг хүн, ИНЕГ-ын ажилтны ойрын хавьтлын нэг хүнээс халдвар илэрсэн. Улаанбаатар хотод нийт батлагдсан тохиолдол 630 боллоо. Сүүлийн 24 цагт орон нутагт халдвар бүртгэгдээгүй, Сэлэнгэ аймагт батлагдсан 7 тохиолдол эдгэсэн.
Баянгол дүүргийн 5, 6 дугаар хороонд халдварын голомт илрүүлэх шинжилгээнд 21176 хүн хамруулахад 2076 хүний шинжилгээний хариу гарч, 10 хүнээс Сovid-19 илэрчээ. Энэ нь, өмнө нь халдвар авсан хүнтэй хавьтал болсон хүмүүс юм.
Хоёр сар гаруйн хугацаанд дотоодод гарсан Сovid-19 халдвартай тэмцэхэд ойрын хавьтал болсон хүмүүс хамгийн ихээр халдвар авч, өвдөж байна. Ойрын хавьтал болсон хүмүүийн 80 хувь нь халдварт өртөж байна. Тухайлбал, халдварыг хамт олноороо нийлсний дараа авах, гэр бүлийн хүн нь халдвар авангуут бүгд халдварлах, мөн баяр ёслол тэмдэглэх, салхинд хэсэг бүлгээрээ гарах зэрэг нь халдвар авах шалтгаан болж байна. Мөн 10 гаруй хувь нь орц, гудамжнаас халдвар авч, өртөж байна. Өвчтөнд тусламж үзүүлж яваад халдвар авсан хүн 20 гаруй хувийг эзэлж байна. Тиймээс өөрийгөө болон ойр дотны хүмүүсийн эрүүл мэндийг хамгаалахын тулд олон хүнтэй газраар явахгүй байх, гэр орондоо хүн цуглуулахгүй байх, баяр ёслол тэмдэглэхгүй байж, амны хаалтаа зүүх хэрэгтэй.
Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 1456. Үүнээс 956 нь дотоодод бүртгэгдсэнээс 456 нь эмчлэгдэж, бүрэн эдгэжээ. Сүүлийн 24 цагт 43 хүн эдгэж, Хан-Уул дүүргийн эмнэлгийн хяналтад шилжлээ.
Улсын хэмжээнд биеийн байдал маш хүнд 1, хүндэвтэр 10, хөнгөн 353 хүн эмчлүүлж байна.Батлагдсан тохиолдлуудтай холбоотойгоор ойрын хавьтал 39 хүн өчигдөр шинээр нэмэгдсэн. Нийт 986 ойрын хавьтал болох хүнийг шинжилгээнд хамруулж, хяналтад байна. Мөн хоёрдогч хавьтал өчигдөр 54-ээр нэмэгдэж 2198 хүн хяналтад байна.
Гэр бүл, хамт олны дундаас өвчлөл голомтлон гарч байна
ЭМЯ-ны Хэлтсийн дарга Д.НАРАНГЭРЭЛ:
-Сүүлийн 24 цагт шинээр бүртгэгдсэн 14 тохиолдол нь батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал, гэр бүлийн гишүүд, хамт олон дундаас давтан шинжилгээгээр илэрч байна. Манай улсын хувьд гэр бүлийн гишүүд, хамт олны дундаас өвчлөл голомтлон гарч байна.
Улсын хэмжээнд нийт оношилгооны цэгээр 667.862 хүн Сovid-19 илрүүлэх шинжилгээнд хамрагдсан. Энэ нь нийт хүн амын 20 хувь шинжилгээнд хамрагдсан гэсэн үг юм.
Улаанбаатар хотод Сovid-19 халдвар голомтлон гарч байгаа тул ЗӨСҮТ-өөс 14 голомтыг ариутгаж халдваргүйжүүлсэн. Мөн уртын тээврийн 242 жолоочийн шинжилгээний хариу сөрөг гарсан. Нийслэлийн хэмжээнд эрсдэлтэй бүлэг, албан байгууллагад /банк, эмийн сан /тандалт судалгаа хийх зорилгоор 223 хүнээс шинжилгээ авахад бүгд сөрөг гарсан. Covid-19 халдвар авсан хүнд гочлон халуурах, бие арзайх, хуурай ханиалгах, ядарч сульдах, булчингаар өвдөх, их хөлрөх, толгой өвдөх зэрэг шинж тэмдэг эхний 3 хоногт илэрнэ. Дөрөв дэх хоногоос хоолой хатах, амт үнэр мэдрэхгүй байх, хоолой өвдөх, хамар битүүрэх, нусгайрах, дотор муухайрч бөөлжих зэрэг шинж тэмдэг илэрнэ. Хэрэв эдгээр шинж тэмдэг илэрвэл Эрүүл мэндийн яамны 119-100 дугаарт хандах хэрэгтэй гэлээ.
УОК-ын Шуурхай штабын мэдээлснээр өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 31 тусгаарлах байранд 1602 хүн хяналтад байна. Нийслэлд 27 тусгаарлах байранд 1500 хүн ажиглалтад байна. Сүүлийн 24 цагт 33 иргэн шинээр тусгаарлагдсан. Мөн 53 иргэнийг шилжүүлсэн аж. Тусгаарлах байранд буй иргэдийг ХӨСҮТ рүү болон ХӨСҮТ-өөс тусгаарлах байр луу шилжүүлжээ.
МИАТ компани 9 удаагийн карго нислэг хийсэн
УОК-ын Шуурхай штабын дарга Б.Ууганбаяр:
-Тусгаарлах байруудад 234 төрийн алба хаагчид үүрэг гүйцэтгэж байна. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 11-ээс хойш өнөөдрийг хүртэл 5011 хүн гэрийн ажиглалтад шилжсэн. Сүүлийн 72 цагт 338 хүн тусгаарлах байрнаас гэрийн хяналт руу шилжлээ. Гэрийн хяналтад гарсан иргэдийн хаягийг тухайн сум, дүүрэг, хороонд шилжүүлж байна. Өнөөдрийн байдлаар 518 хүн гэрийн ажиглалтад байна. Гэртээ хяналтад гарсан иргэд халдвар хамгааллын дэглэм сахих хэрэгтэй. Сүүлийн 7 хоногт ХӨСҮТ рүү 94, Цэргийн төв эмнэлэг рүү 36 иргэнийг шилжүүлсэн. Хавьтлуудыг тусгаарлах, ажиглах байруудыг камержуулах зэрэг арга хэмжээг авч байна. Түүнчлэн Монгол Улсаас энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцсон цэргийн алба хаагчид энэ сарын 10-нд эх орондоо ирсэн. Энхийг сахиулагч 110 цэргийн алба хаагчийг Багабаян цэргийн цоголборт газарт тусгаарлах арга хэмжээг авлаа.
Сүүлийн долоо хоногт МИАТ компани 9 удаагийн карго ачаа тээвэрлэлтийн нислэг үйлдсэн. Үүнтэй холбоотойгоор Шуурхай штабаас хамтран ажиллаж байна. Карго ачааг тасалдуулахгүй байснаар эдийн засагт дэмжлэг үзүүлж байгаа юм. Мөн МИАТ компани НҮБ-ын Хүн амыг дэмжих сангаас олгож буй PCR шинжилгээ хийхэд шаардагдах лабораторын тоног төхөөрөмжийг үнэ төлбөргүй тээвэрлэнэ.
Хүн амын дундаас халдварын шинэ тохиолдол, шинэ голомт бүртгэгдээгүй
Сэтгүүлчдийн асуултад дараах хариулт өглөө.
-Улаанбаатарт бүртгэгдсэн халдварын нийт тохиолдол 630 болсныг мэдээллээ. Голомтуудыг хяналтад авч чадсан уу?
–А.АМБАСЭЛМАА: Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгээс өмнөх кластер голомтуудыг хяналтад авсан. Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгтэй холбоотой 329 тохиолдол бүртгэгдсэн. Тус эмнэлгийн голомт хяналтад орж байна. Хавдар судлалын үндэсний төвийн 5 эмч ажилтан, тэдний гэр бүл болох нийт 17 хүн халдварт өртсөн. Тус төвийн голомтоос үргэлжилсэн халдвар сүүлийн 7 хоногт бүртгэгдээгүй. Хамгийн сүүлд “Ачтан” эмнэлэгтэй холбоотой томоохон голомт бүртгэгсдэн. Тус эмнэлгийн эрүүл мэндийн ажилтан 21, бусад гэр бүлийн болон хавьтал 26 зэрэг нийт 47 тохиолдол бүртгэгдээд байна. Одоогоор “Ачтан” эмнэлгээс улбаалан халдвар гинжин хэлхээгээр үргэлжилж байна. Дараа нь “Мөнххада” ХХК-ын найман ажилтан, тэдний гэр бүлийн хавьтал 10 гаруй хүн, нийт 25 хүн өвчилсөн. Мөн “Тэнүүн-Огоо” компанийн автобус баазын жолооч нар салхинд гарснаас үүдэн гэр бүлтэй холбоотой 18 тохиолдол бүртгэгдсэн. Баянгол дүүргийн 5,6 дугаар хороонд халдварын идэвхтэй голомтууд байна. Дөрвөн орон сууц тойрч нийт 20 гаруй тохиолдол бүртгэгдсэн. Жишээ нь 65, 43, “Ачтан” эмнэлгийн ажилчдын байр зэрэгт халдвар бүртгэгдсэн.
-"Энхсаран" сувилал, иргэн Д, төмөр замын голомтууд хумигдаж, ногоон бүс болсон уу?
Д.НАРАНГЭРЭЛ: Улаанбаатар хотод Сovid-19 халдварын 10 гаруй голомт бүртгэгдсэн. Үүнээс 3-4 голомт идэвхтэй үргэлжилж байна. "Энхсаран" сувилал, иргэн Д-тэй холбоотой голомт хумигдсан.
-Одоогоор хүн амын дунд эх үүсвэр нь тодорхойгүй халдвар нэмж бүртгэгдсэн үү?
–А.АМБАСЭЛМАА: Хүн амын дунд халдварыг илрүүлэх зорилгоор тандалт судалгааны 30 цэгт PCR шинжилгээ авч байна. Одоогоор халдварын шинэ голомт бүртгэгдээгүй. Ер нь халдварын шинэ голомт бол халдварт огт бүртгэгдээгүй газарт нэг нууц үеийн хугацаанд 2-оос дээш тохиолдол бүртгэгдвэл голомт үүслээ гэж үздэг. Монголд халдварын нууц үеийн хугацаа 5-7 хоног. Энэ хугацаанд 2-оос дээш тохиолдолд халдвар илэрвэл шинэ голомт үүссэн гэж үзнэ.
Ард иргэд шинээр халдвар гарахгүй гэж бодож болохгүй. Нийт 2000 гаруй хоёрдогч хавьтлууд байна. Шинж тэмдэггүй өвчтөн хүн амын дунд байхыг ч үгүйсгэхгүй. Улаанбаатар хот халдварын том голомт болсон тул хэн ч халдварт өртөх эрсдэлтэй гэдгийг анхаарч, эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжийг анхаарах хэрэгтэй. Одоогоор “Тэнүүн Огоо” ХК, “Мөнххада”, Баянгол дүүргийн орцны голомтууд үргэлжилж байна. Шинээр голомт үүсээгүй.