Ээж намайг сургуульд оруулахдаа "нэг л муу авбал би өөрөө сургуулиас нь гаргана" гэж удирдлагуудад амласан
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хүн амын хөгжлийн газрын мэргэжилтэн Б.Болороотой тэгш хамруулан сургах боловсрол болон түүний ЕБС-д хэрхэн амжилттай суралцсан талаар ярилцлаа. "Бусдын адил сурахын тулд гараа удирдаж, бал барьж бас бичиж сурах гэж 4 жилийг зарцуулсан" нь сурах гэж ямар их дурласныг нь илтгэх шиг. Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд энгийн сургуульд суралцахад өөрөө маш том нөлөөлөгч, өөрчлөгч болдог. Учир нь тухайн хүүхдийг сургахын тулд сургуулийн удирдлагууд, багш нар нь анхаарч, хэрэгцээтэй орчин, арга хэлбэрийг бүрдүүлж өгөхийн төлөө хичээдэг. Мөн нийгэмд ил гарснаар хүмүүст хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн талаарх эерэг ойлголтыг түгээгч болдгийг тэрээр онцоллоо.
-Болороо ямар төрлийн дуу сонсох дуртай вэ?
-Надаас ингэж асууж байсан хүн байхгүй юм байна. Бодоод байсан чинь би уянгын дуунд их дуртай. Би дуугаар дамжуулж сэтгэл хөглөсөн гоё дурсамжуудаа сэргээх их дуртай.
-Та их хошин зантай юм. Үүнийгээ хэнээс өвлөсөн гэж боддог вэ. Хошин мэдрэмжтэй байх нь аливааг хөнгөнөөр харахад нөлөөлдөг байх.
-Миний эргэн тойронд нэрлээд хэлчхээр мааз хүн байхгүй юм шиг. Би хаа явсан газраа л маазарч байдаг хүндээ. Найзууд Болороогүйгээр уулзахаар их гунигийн байдаг гэдэг юм.
Одоо нийгэм ямар их бухимдалтай байгаа билээ, тэр болгонд автаад байвал дархлаагүй болно байх. Сошиал орчинд ихэнхдээ л хар бараан мэдээллүүд явдаг учраас намайг дагадаг хүмүүстээ эерэг хандлага түгээхийг хүсдэг. Тэр ч утгаараа өөрийн нүүр номд аливаа мэдээллийг хөнгөн, хөгжилтэй хэлбэрээр хүргэдэг. Гэхдээ өөрийн хариуцдаг хөгжлийн бэрхшээлийн талаарх олон нийтийн хандлага ойлголт нэмэгдүүлэх ажил болон асуудал хөндсөн зүйл бичиж оруулахдаа хошигноно гэж юу байх вэ.
-Таныг өөдрөг хүн гээд хэлчихвэл хэр оновчтой сонсогдож байна?
-Ээж маань сурагч байхаас ирээдүйгээ сайхнаар төсөөлж, түүнийгээ өөрөө бүтээнэ гэж бодож, юманд шантрахгүй байхыг хичээгээрэй гэж үргэлж хэлдэг байсан. Тэгээд л би сургуулиа онц төгсөөд ажилтай, амжилттай явна гээд л төсөөлнө. Үр хүүхэдтэй болоод сайхан амьдарна гэж боддог байлаа. Үүнийг өөдрөг л гэж хэлэх байх. Гэхдээ Болороогийн аливаа юмыг өөдрөгөөр харах өнцөг ээжээс минь эхлэлтэй. Ээж маань надад итгэдэг, сайн сурч, сайн явна гэдэгт минь хэзээ ч эргэлздэггүй тийм өөдрөг, зоримог, хүчтэй эмэгтэй учраас би ээжийнхээ тэр чанаруудыг өвлөж авахыг хичээдэг.
Өөртөө байгаа бүхэндээ талархаж амьдрах нь өөдрөг байхтай салшгүй холбоотой байх. Аливаа юманд “Доржид тав байхад надад тавхан байна” гэсэн хандлагаар хандвал хэцүү шүү дээ.
БИЧИЖ СУРАХЫН ТУЛД ЗАРЦУУЛСАН ХУГАЦАА МИНИЙ ИРЭЭДҮЙГ ГЭРЭЛТЭЙ БОЛГОСОН
-Таны хувьд бэрхшээл гэж юуг хэлэх вэ?
-Хүнийг хүн гэдэг утгаар нь харьцах чухал. Гаднах байдлаар нь шошго нааж гадуурхах, үл хүндлэх бол миний хувьд бэрхшээл. Учир нь би өнөөдрийг хүртэл байнга л ийм зүйлтэй нүүр тулж ирсэн. Жишээ татахад, их сургуулиа төгсөөд ажилд орох гэж олон байгууллагад хандаж үзсэн. Нэг нь ч энэ хүүхдийн чаддаг зүйл нь юу бол, ямар ажил хийлгэвэл болох бол гэж хараагүй. Бүгд л гаднах байдлаар минь дүгнэж, ажлын ачаалал даахгүй байх гэнэ, эсвэл дөнгөж саяхан хүн авчихсан гэж хэлээд явуулдаг байсан. Энэ бэрхшээлийг надаас олон хүн амсаж, яах учраа олохгүй, урам нь хугарч яваа гэж бодон, нийгмийн хандлагыг өөрчлөх ёстой гээд л дуу хоолойгоо хүргэж эхэлсэн дээ.
Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийгээ тусгаарлах хандлагаас, халамжийн сэтгэлгээнээс салгах, бүх зүйл нэг дор шийдэгдэхгүй, асуудал бүр хоорондоо хамааралтай учир шийдэхэд маш их хугацаа орно гэдгийг ойлгуулж, нөлөөлөх л хамгийн том бэрхшээл юм. Өнөөдөр сургуульд сурч чадахгүй байгаа нь нийгмийн харилцаанд орох боломжийг, цаашлаад хөдөлмөр эрхлэх боломжийг, гэр бүл зохиох боломжийг хязгаарлаж байгааг хэн бүхэн мэдэж байгаа. Тэгэхээр бүх асуудал хоорондоо холбоотой, салбар дундын уялдаа холбоо шаардлагатай бөгөөд үүнд цаг хугацаа их орно. Бүх юм нэг дор өөрчлөгдөнө гэж байхгүй. Дээрээс нь хөгжлийн бэрхшээлтэй хүн бүр дуу хоолойгоо гаргаж байж хүчтэй байна шүү гэдгийг ойлгох хэрэгтэй.
Бас нэг бэрхшээл нь манай төр тогтворгүй байдаг нь асуудал шийдэгдэхэд маш сөргөөр нөлөөлдөг. Арай гэж нэг даргын хандлагыг өөрчлөөд ийм ажил хийе гээд төлөвлөхөөр халж солиод л. Дараагийн хүнд нь нөлөөлөх ажлыг бүр шинээр хийж эхэлнэ гэдэг үнэхээр хэцүү.
-Таны хамгийн их хичээж, олон цаг зарцуулж сурсан зүйл юу вэ?
-Өөрийн хөгжлийн бэрхшээлийн онцлогоос шалтгаалан хөдөлгөөнөө захирч сурахад л их хугацаа зарцуулсан. Сургуульд орж, бусад хүүхдүүдтэй ижил сурахын тулд гараа удирдаж, бал барьж бичиж сурах гэж 4 жилийн хугацааг зарцуулсан. Үүнийхээ үр дүнд хөгжлийн бэрхшээлгүй хүүхдүүдтэй ижил түвшинд суралцаж чадсан. Өөрөөр хэлбэл бал барьж бичиж сурахын тулд зарцуулсан хугацаа минь миний ирээдүйг гэрэлтэй болгож өгсөн л гэж боддог. Илтгэл тавьж сурахын тулд (эмх замбараагүй хөдөлгөөнөө удирдаж сурах) бас бүтэн жилийн хугацааг, компьютерийн хулганыг барьж сурахын тулд кэйборд дээр нэг гараараа бичиж сурахын тулд үсэг, цифрийн байршлыг тогтоох зэргээр 3 сарын хугацааг зарцуулсан.
ГАДНАХ БАЙДЛААР НЬ ШОШГО НААЖ ГАДУУРХАХ, ҮЛ ХҮНДЛЭХ БОЛ МИНИЙ ХУВЬД БЭРХШЭЭЛ
-Та болон таны гэр бүл боловсролыг их чухалчилдаг нь анзаарагддаг. Та охиноо ямар хүн болоосой гэж хүсдэг вэ?
-Ээж маань их ухаалаг хүн дээ. Бага байхаас миний охин бусадтай ижил биеийн хүчний, нарийн нандин ажил хийж чадахгүй учраас толгойгоо ажиллуулж, боловсрол эзэмш. Бусдад хүлээн зөвшөөрөгдөж амьдрах ёстой шүү. Тиймээс цаг ямагт өөрийгөө дайчил гэж хэлдэг байсан.
Би 5 настайдаа уншиж бодож сурсан. Гэхдээ тэр үед бүх зүйлээ хүнээр хийлгэдэг байнга хэвтэрт, бүрэн асаргаанд байсан. Ойр хавийн хүмүүс "яаж хүн болно оо, Буяа минь залуу сайхан байгаа дээрээ өөрийгөө бодож, хүнтэй суу" гэж хүртэл хэлдэг байлаа. Тэгээд би ээжээсээ сургуульд сурмаар байна гэж гуйхад "ээж нь чамайг сургуульд оруулна, бүр хөгжлийн бэрхшээлгүй хүүхдүүдтэй сургана. Харин миний охин ямар ч байсан суудаг болоод, нэг гараа ч болтугай урдаа гаргаад, бал бариад сурчих. Тэгвэл ээж нь охиныгоо сургахын тулд бүхнээ зориулна. Бичиж ч чадахгүй сургуульд орохоор сурсан нэр зүүгээд бусадтай ижил болж чадахгүй гэдгийг сайн ойлгоорой" гэсэн. Учир нь тухайн үед одоогийнх шиг дуу хураагуур, ухаалаг тоног төхөөрөмж байгаагүй болохоор бичиж сурахаас өөр сонголтгүй.
Ингээд би ээжийнхээ хэлсэн зүйлийг биелүүлэхийн тулд 4 жилийн хугацааг зарцуулсан юм. Үнэхээр ээжийн зөв байсан. Би ээжийнхээ миний төлөө яаж ажиллаж, яаж амьдарч байгааг нь харсаар байж хичээхгүй байвал мунхгийн мунхаг хүн болох байлгүй. Хөгжлийн бэрхшээлгүй хүүхдүүд өдөрт 4 цаг хичээлээ хийгээд 8 цаг унтдаг бол би эсрэгээрээ. Тэднээс 2 дахин их хичээх ёстой гэж зүтгэдэг байсан. Ингэснийхээ ачаар 10 жил болон их сургуулиа онц дүнтэй төгссөн юм даа. Бас шартай зан маань тус болсон байх.
Би 1998 онд сургуульд орж байсан. Тухайн үед хөгжлийн бэрхшээлийн тухай ойлголт, хандлага одоогийнхтой харьцуулшгүй муу, хууль эрх зүйн орчин ч хангалттай биш байв. Дэд бүтэц зэргийг бүр ярилтгүй. Харин ээж минь бусдаас гуйхгүйгээр, төрөөс тусламж харалгүйгээр хүүхдээ заавал боловсролтой хүн болгоно гэж зүтгэсэн. Намайг сургуульд оруулахдаа сургуулийн удирдлагуудад "миний хүүхэд сурч чадна, хэрвээ охин маань нэг л удаа муу авах юм бол би өөрөө сургуулиас нь гаргана" гэсэн хатуу болзолтой байв.
Хүртээмжтэй автобус, зам, тэтгэмж, дэмжлэг төрөөс хүсэх тухай бодоо ч үгүй. Бүх юмаа өөрөө болгох гэж зүтгэдэг, миний төлөө бүхнээ зориулсан хүн дээ.
Харин би өөрөө охиныгоо өндөр боловсролтой болгохын төлөө, хүнийг хүндэлдэг, хүн чанар сайтай хүн болгохыг хичээх болно. Тэрнээс биш заавал тийм бол гэж хүчлэхгүй, мэргэжлийг нь би шийдэхгүй. Нөхөр маань охиныгоо спортоор хичээллүүлнэ гэдэг байсан. Хөнгөн атлетикийн тамирчин байсан л даа. Тиймээс би охиныгоо аавынх нь хүслийг биелүүлж заавал нэг спортоор хичээллүүлнэ гэж боддог.
-Та тусгай биш ердийн ЕБС-д суралцсан шүү дээ. Үүний давуу болон сул тал нь юу байв?
-Миний хувьд сул тал байхгүй л гэж хэлмээр байна. Харин давуу тал олон. Тухайлбал, биеэ даах, хүний үг дааж сурах, бусадтай ижил үнэлэгдэх, ангийнхан маань эвсэг, тусч, хүнлэг болох. Цаашлаад ангийн хүүхдүүдийн эцэг эхчүүд ойлгож эхэлсэн. Би өөртөө бусад шигээ байхын тулд шаардлага тавьж мэрийх гээд л олон зүйл байна. Онцолж хэлэхэд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд энгийн сургуульд суралцахад өөрөө маш том нөлөөлөгч, өөрчлөгч болдог. Учир нь тухайн хүүхдийг сургахын тулд сургуулийн удирдлагууд, багш нар нь анхаарч, хэрэгцээтэй орчин нөхцөл, арга хэлбэрийг бүрдүүлж өгөхийн төлөө хичээдэг. Мөн нийгэмд ил гарснаар хүмүүст хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн талаарх эерэг ойлголтыг түгээгч болдог.
БИ ОХИНЫГОО ААВЫНХ НЬ ХҮСЛИЙГ БИЕЛҮҮЛЖ ЗААВАЛ НЭГ СПОРТООР ХИЧЭЭЛЛҮҮЛНЭ ГЭЖ БОДДОГ
-Юун түрүүнд өөрчлөх ёстой бодлого, хандлага юу вэ?
-Хүний хамгийн чухал хэрэгцээ бол боловсрол эзэмших, хөгжих. Гэтэл хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд орчин нөхцөл байхгүйгээс, боловсролын байгууллагын хүртээмжгүй байдлаас болоод энэ суурь эрхээ эдэлж чадахгүй байна. Боловсрол эзэмших, нийгмийн харилцаанд оролцох боломж нь хязгаарлагдмал учраас хөдөлмөр эрхлэх, хөгжих, гэр бүл зохиох зэрэг хүний наад захын эрхүүдээ эдэлж чадахгүй байна. Гэхдээ энд нэг зүйлийг цохож хэлмээр байна. Бид зөвхөн сургууль хүртээмжгүй, багш нарын хандлага муугаас суралцаж чадахгүй байгаа юм биш. Хамгийн гол нь гэрээсээ сургууль хүртэлх зам, суух нийтийн тээвэр нь хүртээмжгүй.
Ганц сурахад ч биш хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн амьдралын бүхий л үйл явцад дэд бүтэц, мэдээллийн, зам тээврийн хүртээмжгүй нь гол АСУУДАЛ. Үүнийг л шийдмээр байна.
Тусгай сургуулийн боловсролын чанар, орчин нөхцөл, хүртээмжийг сайжруулах, цаашлаад тусгай сургууль төгссөн хүүхдүүдэд дараагийн шатны боловсролын үйлчилгээг бий болгомоор байна. Өөрөөр хэлбэл тусгай сургуулиас их сургуульд ороход бэлтгэх нэг үе шат тогтолцоог бий болгох хэрэгтэй. Би энэ чиглэлээр олон улсын сайн туршлагыг судалж үзэх бодолтой байна.
Түүнчлэн бүх хүн амьдрах боломжтой нийгмийг бүтээмээр байна. Тэр нь заавал нэгэндээ хөгжлийн бэрхшээлтэй гэж шошго зүүн, тусгай хэрэгцээ шаардлагатай гэж харалгүй хөгжлийн бэрхшээлийг хүний ялгаатай байдал гэж хүлээн зөвшөөрч, бүх хүн ашиглах боломжтой зам тээвэр, харилцаа холбоо, байшин барилгыг бий болгомоор байна.
Жишээ хэлэхэд, их сургуульд тэргэнцэртэй оюутан математикийн чиглэлээр суралцахаар болж. Гэтэл хичээл нь дандаа 3 давхарт ордог. Ангийнх нь хүүхдүүд өргөөд оруулаад л. Сүүлдээ нөгөө оюутан бусдад түвэг удаж байгаагаасаа санаа зовон сургуулиасаа гарчээ. Яагаад хичээл орох ангийг нь нэг давхарт байлгаж болсонгүй вэ? Бусад олон асуудлаа шийдээд сурахаар ирсэн хүнд оновчтой шийдэл гаргаад яагаад авч, үлдэж чадсангүй вэ? Тухайн оюутан ч сургуулийн удирдлагатайгаа уулзаж, нөхцөл байдлаа ойлгуулж чадсангүй вэ. Бид хаа хаанаа л хандлагаа өөрчлөх хэрэгтэй.
Байгууллага удирдаж байгаа хүмүүс хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг үйлчлүүлэгч, хэрэглэгч гэж харж, өөрийн байгууллагад наад зах нь налуу зам, хүртээмжтэй ариун цэврийн өрөө хийчихмээр. Тэгэхээр бүх зүйлийн суурь нь хандлага юм.
ОХИНТОЙГОО ГАДАА ГАРАХАД ХҮҮХДҮҮД НАДААС АЙХ ЭСВЭЛ ШООЛООД ТҮҮНТЭЙ ТОГЛОХГҮЙ БАЙХ НЬ БИЙ
-Монголчууд хүнийг харагдах байдлаар нь дүгнэж, ялгаварлаж харьцдаг гэлээ. Энэ нь боловсролтой хамааралтай юу. Энэ хандлагыг яаж өөрчлөх вэ?
-Би анх нийгэмд гарч ирэх хүртлээ ялгаварлан гадуурхалтад алхам тутамдаа өртдөг байлаа. Монголчууд хүнийг гаднаас нь харж их дүгнэдэг нь үнэн. Гэхдээ энэ нь боловсролтой холбоотой гэхээс илүү хүний ухамсар, төлөвшил хүмүүжлээс хамаардаг байх.
Ялгаварлан гадуурхалт гэхээр л үг хэлээр доромжлох гадуурхах, шоолох гэж үздэг. Гэтэл энэ зөвхөн нэг илрэл. Харин хөгжлийн бэрхшээл судлалаар ялгаварлан гадуурхалт гэдэг бол оролцоог нь хязгаарлах, нийгмээс тусгаарлах гэсэн хоёр зүйлээр тодорхойлдог. Мөн ялгаварлан гадуурхалтыг ерөнхийд нь харилцаа хандлагын болоод орчны саад тотгор гэж ангилж ойлгож болно. Өөрөөр хэлбэл надад хүртээмжтэй орчин бүрдүүлж өгөөгүйгээс үүдэн би нийгмийн харилцаанд орж чадахгүй, тусгаарлагдаж байвал энэ нь ялгаварлан гадуурхалт. Хөгжлийн бэрхшээлтэй гэх шалтгаанаар миний гэр бүл зохиох, хүүхэд төрүүлэх эрхийг хязгаарлаж байгаа нь ялгаварлан гадуурхалт юм шүү дээ.
Би харагдах байдлаасаа болж шоолуулдаг, согтуу хүн шиг харагддаг учир их доромжлуулдаг. Хамгийн хэцүү нь ухаан суугаагүй балчир хүүхдүүд. Тэд ойлгохгүй учир намайг гаднаас нь хараад их айдаг, зарим нь уйлдаг. Харамсалтай нь хамт байгаа эцэг эхчүүд нь барагтай л бол зөвөөр тайлбарлаж өгдөггүй. Охиныгоо аваад цуг гарахад хүүхдүүд надаас айгаад эсвэл шоолоод охинтой минь тоглохгүй тохиолдол ч гардаг. Эцэг эхчүүд хүүхдийнхээ нас насанд нь тохируулан тайлбарлан өгч болно шүү дээ. Би бол охиндоо орой бүр үлгэр ярьж өгдөг. Заримдаа хөгжлийн бэрхшээлийн төрлүүдээр дүр сонгон гаргаад ярьдаг. Одоо охин минь их сайн ойлгодог болсон.
Мөн цэцэрлэг сургуулийн багш нар, эцэг эхчүүд, хүн бүр хөгжлийн бэрхшээл бол өвчин биш, халдварлахгүй, хүний ялгаатай байдал гэдгийг сайн ойлгож, хүүхдүүдэд тайлбарладаг байгаасай.
-Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг тусгай сургуульд л сургах ёстой гэсэн хандлага байсан. Харин одоо тэгш хамруулах зарчмаар энгийн сургуульд явуулахыг илүүд үздэг болсон. Тэгш хамруулан сургахыг олон улсад яагаад дэмждэг юм бол?
-Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг тусгаарлах хандлага үеийн үед байсан. Одоо ч манайд болон зарим оронд байсаар. Онолын хувьд хөгжлийн бэрхшээлийн асуудалд хандах 3 хандлага байдаг бөгөөд бүх улс үүнийг шат дарааллаар нь туулж ирж буй. Тодруулбал,
1. Тусгаарлах хандлага,
2. Нэгтгэх,
3. Тэгш хамруулах гэж бий. Энгийнээр тайлбарлахад тусгаарлах гэдэг нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг тусдаа байх ёстой, хөгжих боломжгүй хүмүүс гэж үздэг хандлага. Харин нэгтгэх гэдэг нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг бусадтай хамт байх ёстойг формаль байдлаар хүлээн зөвшөөрч байгаа ч бодит байдал дээр эрхийг нь эдлүүлэхийн тулд үйлдэл хийхгүй байхыг хэлнэ. Жишээлбэл, хөдөлгөөний бэрхшээлтэй тэргэнцэр хэрэглэдэг хүүхэд сургуульд сурахаар очиход "авахгүй, тусгай сургууль руугаа оч гэж хэлэхгүй" мөртлөө “манай сургуульд сурч болно. Гэхдээ харамсалтай нь налуу зам байхгүй болохоор боломжгүй” гэхийг нэгтгэх хандлага гэж байгаа юм.
Шууд татгалзахгүй мөртлөө орчин бүрдүүлж өгөх, тухайн хүүхдийг сургахын тулд үйлдэл хийхгүй байгааг л нэгтгэх хандлага гэдэг.
Тэгш хамруулах гэдгийг тайлбарлах нь илүүц байх. Товчоор хэлэхэд нийгэмд байгаа олон төрлийн янзын хэрэгцээтэй хүн бүрийг нийгэмд оролцуулахын тулд бүхий л арга хэмжээг авч, хүн бүр хамт хөгжих тухай юм шүү дээ. Хатуухан хэлэхэд манай улсын хувьд тэгш хамруулах гэж ярьдаг ч бодит байдал дээрээ нэгтгэх хандлагаасаа гарч чадаагүй байна.
Олон улсад яагаад тэгш хамруулах зарчмыг дэмжиж байгаа нь хэд хэдэн шалтгаантай.
1. Хүн бүр эрх тэгш гэдгийг ойлгодог,
2. Хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан орчин нөхцөл бүрдсэн нийгмийн бусад бүлгийн хүмүүс ч амьдрахад таатай нийгэм байх болно,
3. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн онцлог хэрэгцээг бодолцохгүйгээр хийсэн аливаа зүйл хожим нь маш их эдийн засгийн зарлагатайг мэддэг,
4. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс бие даан амьдрах эрхтэйг ойлгодог,
5.Институцчилах буюу нэг дор хуарагнуулж тусгаарлах нь тэднийг нийгмээс улам бүр тасалж байгааг мэддэг зэрэг шалтгаан бий.
Харин хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд хүүхдээ ерөнхий боловсролын ердийн сургуульд сургах уу, тусгай сургуульд сургах уу гэдэг СОНГОЛТ бий. Мэдээж тусгай сургуульд өөрт хүртээмжтэй сурах бичиг, заах арга барил, орчин нөхцөл бүрдсэн нөхцөлд сурснаар боловсролыг чанартай авах боломжтой гэх шалтгаанаар эцэг эхчүүд хүүхдээ тусгай сургуульд өгөхийг илүүд үздэг.
Үнэнийг хэлэхэд хараа болон сонсголын бэрхшээлтэй хүүхэд ердийн сургуульд явахад дохионы хэлмэрч, брайль сурах бичих зэрэг наад захын хэрэгцээг нь хангах зүйл (тохирох хэрэглэгдэхүүн) байхгүй учир, бүрдүүлж өгөхгүй байгаа учир энэ төрлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд одоогоор тусгай сургууль нь илүү ээлтэй. Ганц манайд ч гэлтгүй дэлхийн бусад улсад ч ийм.
Өөрөөр хэлбэл хүүхдээ тусгай сургуульд сургаж байгаа эцэг эхчүүд нийгэмшүүлэх, биеийг нь даалгахаас илүү боловсролыг чанартай эзэмшүүлэхийг эрхэмлэдэг. Ердийн сургуульд өгч байгаа эцэг эхчүүдэд хүүхдийн боловсрол чухал. Гэхдээ миний хүүхэд биеэ даах, олон хүнтэй харилцаж, нийгэмших нь илүү чухал гэж сонголтоо хийдэг. Тухайн хүүхэд ямар ч сургуульд суралцсан тэгш хамруулалт аль алинд нь байх л ёстой.
ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛ БОЛ ӨВЧИН БИШ, ХАЛДВАРЛАХГҮЙ, ХҮНИЙ ЯЛГААТАЙ БАЙДАЛ ГЭДГИЙГ ОЙЛГОЖ, ХҮҮХДҮҮДЭД ТАЙЛБАРЛАДАГ БАЙГААСАЙ
Тусгай орчин нөхцөл бүхий зүйлийг илүүд үзэж болох ч үүнд нийгмээс тусгаарлагдах, бусад хүмүүс ойлгохгүй байх гэсэн хандлагын маш том сөрөг үр дагавар бий гэдгийг бодолцох хэрэгтэй болов уу.
Хөдөлгөөний бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүд хүүхдэд маань сургууль нь хүртээмжгүй байна, хүүхдүүд шоолоод байна, багш нар нь ойлгохгүй байна гээд тусгай сургуульд өгөх тохиолдол ч цөөнгүй. Тэгтэл сургуулийн удирдлага, багш нар, анги хамт олон, бүр цаашлаад бусад эцэг эхчүүдтэй ярилцаж үзсэн үү, өөрсдийн хэрэгцээ шаардлагаа тодорхойлж хэлсэн үү гэхэд ихэнхдээ үгүй байдаг. Эхлээд өөрсдөөсөө хамаарах зүйлсээ хийж, холбогдох байгууллагад нь уламжлаад явах хэрэгтэй. Мэдээж бүх асуудал өргөс авсан мэт алга болохгүй бага багаар сайжирна. Үүнд эцэг эхчүүд маш чухал үүрэгтэй гэдгийг ойлгоосой.
Бас асаргаа шаардлагатай, эмчилгээ хийлгэх, бие даан ердийн сургуульд харгалзан дэмжигчгүй, сурах боломжгүй хүүхдүүд ч бий. Ихэвчлэн энэ төрлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүд тусгай сургуулийг сонгох нь олонтаа. Гэхдээ энэ эцсийн сонголт бас биш. Яагаад хүүхдээ өөрөө сургуульд зөөж суралцахад нь дэмжлэг үзүүлээд шаардлагатай асаргааг хийж болохгүй гэж. Яагаад үүнийхээ төлөө төрөөс цалин урамшуулал тогтоолгож болохгүй гэж. Хүүхэд сураад эцэг эх давхар цалинжаад явах боломж бий. Шийдэл олон байж болно. Харин үүнийгээ хэрэгжүүлэхийн тулд л эцэг эхчүүд хүчээ нэгтгэх ёстой юм.
-Шийдвэр гаргах түвшний зарим хүн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулж байна гээд л барилга нэмэх юм. Энэ хэр зөв юм бол. Таны хэлээд б тусгаарлалт, хуарагнуулалт мөн үү?
-Монгол Улс 2009 онд НҮБ-ын хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцод нэгдэн орж, Хүний эрхийн хороо руу 2012 онд Засгийн газрын анхны тайлан илтгэлийг явуулсан. Үүний дагуу 2015 онд НҮБ-ын хүний эрхийн хорооноос Монгол Улсын Засгийн Газарт хөгжлийн бэрхшээлийн асуудлаар хэд хэдэн зөвлөмж ирсэн бөгөөд түүнээс хамгийн чухал нь ИНСТИТУЧЛЭХ ХАНДЛАГААС ТАТГАЛЗАХ, БИЕ ДААН АМЬДРАХ боломж нөхцөлийг бүрдүүлэх гэсэн байв. Институчлэх гэдэг нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нэг дор байлгах, тусгаарлахыг хэлж байгаа юм. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ нийгэмдээ тархаан амьдруулах бодлого баримталж, ингэх явцдаа бие даан нийгмийн харилцаанд оролцох боломжийг бүрдүүлэхийн төлөө ажиллах хэрэгтэй.
Ажлын шугамаар олон ч төрийн байгууллагын удирдлага, шийдвэр гаргах түвшний хүмүүстэй уулзаж байна. Дандаа л өөдөөс тусгаарлах бодлого ярьдаг. Тэр болгонд нь тайлбарлаж ойлгуулсаар л яваа. Хараа болон сонсголын бэрхшээлтэй хүмүүст зориулан телевиз, сайтуудыг шат дараатайгаар хүртээмжтэй болгох тухай ярихад тэдэнд зориулсан тусдаа телевиз, сайт нээгээд өгчихье гэх нь ч бий. Гэхдээ ихэнх нь санаатайгаар нийгмээс тусгаарлах гэсэн үүднээс биш мэдэхгүй учраас л ингэж хэлдэг.
Сүүлийн үед улс төрчид хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудалд анхаарч эхэлж байгаад маш их баярлаж байгаа ч ихэнх нь тусдаа байшин барьж өгнө гэж байгаа нь туйлын харамсмаар. Бодоод үзээрэй, улсын хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан эмнэлэг, сургууль, үйлдвэр, кино театр барьчхаад 107.1 мянган хөгжлийн бэрхшээлтэй хүн тэнд л үйлчлүүлээд байх уу? Аль эсвэл эмнэлэг, сургууль, ажлын байр, кино театр бүрийг хүн болгонд эрх тэгш үйлчлэх орчин нөхцөлөөр хангасан болгож, хөгжлийн бэрхшээлтэй гэлтгүй хүн бүр хүссэн газраа хүссэн үйлчилгээгээ авдаг байх уу?
Аль нь илүү хүний эрхийг дээдэлсэн, нийгэмд олон янзын хүн байдаг гэдгийг хүлээн зөвшөөрсөн зөв бодлого байна вэ? Миний л хувьд хүссэн сургуульдаа, амьдарч буй харьяа дүүргийнхээ эмнэлэгтээ үзүүлж, Тэнгис, Өргөө гээд хүссэн газартаа кино үзмээр байна. Ийм л нийгмийг, ийм л бодлого тодорхойлдог улс төрчийг хүсэж байна. Өөрөө мэдэхгүй байж болно. Мэддэг хүмүүсээс нь зөвлөгөө авч мөрийн хөтөлбөрөө боловсруулж, амлалт өгдөг баймаар. Нэг буруу бодлого маш урт хугацааны сөрөг үр дагаврыг авчирдаг шүү.
-Тэгш хамруулан сургахад багш, ангийн хамт олон их чухал байх. Та өөрийн сурч байсан үеийнхээ дурсамжаас хуваалцаач.
-Мэдээж чухал. Тухайн үед нийгэм одоогийнх шигээ байгаагүй ч манай сургуулийн удирдлагууд, анги удирдсан хоёр багш үнэхээр мундаг байсан.
Дөнгөж хөлд орж байгаа хүүхэд шиг муухан явдаг, ахдаа үүрүүлчихсэн, цүнхнээсээ ч дэвтрээ гаргаж чадахгүй, сандал дээрээ ч удаан тогтож сууж чадахгүй Болороогоос сургуульд орж байсан эхний хоёр гурван өдөр хүүхдүүд айж, зарим нь шоолж байсан. Ээж намайг сургуульд орохоос өмнө ийм юмтай нүүр тулна гэдгийг тооцоолон, гадаа гаргаж хэвтүүлэн хүүхдүүдтэй тоглуулдаг байж. Өмнө нь хүүхдүүдэд шоолуулж, дээрэлхүүлээд үзчихсэн учраас надад нэг их хүнд тусаагүй л дээ. Гэхдээ удаан үргэлжилсэн бол надад хэцүү байх байсан.
Гэтэл манай сургуулийн удирдлагууд, багш нар ангиудаа хувааж аван “1-г ангид Болороо гэдэг бие муутай хүүхэд элсэж орсон, хөдөлгөөн л муу болохоос та нартай адилхан уншиж бодож чадна, найзыгаа шоолж дээрэлхэж болохгүй. Харин тусалж дэмжин энгийн харьцаж байгаарай” гэж яриа хийж явсан байгаа юм. Энэ бол маш том дэмжлэг. Ээж ч сургуулийн удирдлагууд, багш нартай уулзаж ярилцсан учраас намайг сургахад тулгарах саадуудыг арилгаж өгсөн.
Ангийнхан маань үнэхээр сайхан эвтэй, нийтэч, тусархаг хамт олон болсон. Тэгээд би чинь ангийнхантайгаа яг л адилхан тоглож наадна аа. Манай ангийн нийлдэг хэдэн охид өглөөд нь гэрээс ирж аваад оройд нь цуг хариад л. Ер нь л Болороогүй юм байдаггүй байсан. Нэг өглөө тог тасраад гэрэл унтраастай, би ч нам унтчихаж. Тэгсэн найзууд хаалга нүдэж. Онгойлгохгүй дээрээс нь харанхуй байхаар нь намайг явчхаж гэж бодоод анги дээр очтол би ирээгүй байж. Гэтэл ангийн хөвгүүд Болороо яасан бэ гээд хоёр нь манайд ирж намайг авч билээ. Эрэгтэй найзууд минь хүртэл ийм байлаа. Яриад байвал өчнөөн сайхан дурсамж бий.
Ангидаа нийлдэг фракцаа толгойлно оо. Нуулгүй хэлэхэд онц сурдаг охидын фракц. Гэртээ харих замдаа ичиж зовохоо мэдэхгүй караокедож байна гээд чанга чанга дуулаад л, нэгнийдээ “гэр шоу” хийгээд л, охидууд байж зодолдож тоглоод л хөгжилдөхийг үзүүлж өгнө. Би ямар азаар БГД-ийн 10-н жилийн 19 дүгээр дунд сургуульд орж, ямар азаар 1998 онд элсэж, н.Сумьяа, н.Нарантуяа гэсэн хоёр мундаг багшийн шавь болж, сайхан хамт олонтойгоо учрав л гэж боддог.
ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ МӨРТЛӨӨ... ГЭЖ ЯРИХ НЬ ХҮН БИШ ГЭСЭН САНААГ ДАВХАР ИЛЭРХИЙЛДЭГ
-Тэгш хамруулан сургах ямар сайн туршлага, алхмыг та хийх хэрэгтэй гэж боддог вэ?
-Бид хөгжлийн бэрхшээлийн асуудлыг маш урт хугацаанд шийдвэрлэх зүйл гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Ялангуяа тэгш хамруулсан нийгмийг бий болгоход.
Би ажлын чиг үүргийнхээ дагуу олон ч бодлогын баримт бичигт санал боловсруулж өгдөг, тэр саналууд минь заримдаа тусгагдана, заримдаа орхигдоно. Бүгд л тэгш хамруулсан орчин нөхцөл, хандлагыг төлөвшүүлэхэд чиглэсэн саналууд байдаг. Боловсролын хувьд ч гэлтгүй бүх зүйлд “Загвар төсөл” хэрэгжүүлэх нь надад оновчтой санагдаж байна. Жишээ нь дүүрэг бүрд байрлах хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд суралцдаг ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгээс 2,2-г хүртээмжтэй орчин нөхцөл бүрдүүлэх, багш эцэг эх, анги хамт олны хандлагыг өөрчлөх зэрэг ажлыг хийж “Загвар” бий болгон түүнийгээ олон нийтэд түгээн жил бүр хамгийн багадаа 2, 2-оор нь засан сайжруулж өөрчлөөд явах нь зөв болов уу.
Бидний гол алдаа нь бүхнийг нэг дор шийдэх гэж үздэг энэ нь ч боломжгүй. Үүнийхээ дагуу урт богино хугацааны төлөвлөгөө гаргаж, жил бүр төсөвт суулгаад явж болно. Харин зөвхөн тухайн сургууль цэцэрлэгийг хүртээмжтэй болгоод зогсохгүй сургууль орчмын зам, талбайг бас хүртээмжтэй болгох чухал. Япон ийм замаар хөгжсөн. Энэ зарчмын дагуу зам, нийтийн тээвэр, харилцаа холбоо зэрэг хүртээмжийн асуудлыг бага багаар цогцоор нь шийдэх нь оновчтой гэж бодож байна.
Тусгай зориулалтын автобус гээд л ярьдаг. Гэтэл тэр нь Монголд хэд байна, ямар ямар чиглэлд явдаг билээ. Зөвхөн тэр автобусаар явна гэвэл бүтэхгүй. Би хүссэн автобусандаа суугаад л сургуульдаа ирж очдог болмоор байна.
ХӨЛ ХОРИОНЫ УЛМААС СҮР ДУУЛИАНТАЙ БАЯР ТЭМДЭГЛЭХГҮЙ, БАЯРЫН УУР АМЬСГАЛ БАГА БАЙГАА УЧИР ГАНЦААРДЛЫГ МЭДРЭХГҮЙ БАЙНА
-Та бусдад урам өгөхийг чухалчилдаг уу эсвэл өөрийнхөө хувьд хамгийн сайн хувилбар нь байхыг хүсдэг үү?
-Энэ өөрөө нийгэмд тогтсон хэвшмэл ойлголттой холбоотой л доо. Юу гэхээр миний ихэнх дагагчид намайг “хөгжлийн бэрхшээлтэй мөртлөө ингэж яваа мундаг байна” гэсэн нүдээр харж, урам авдаг шиг санагддаг. Би ийм үзэл хандлагад дургүй. Хөгжлийн бэрхшээлтэй мөртлөө гэдэг чинь хүн биш гэсэн утга санааг давхар илэрхийлдэг юм. Тэгээд ч хэн ч байсан сурч боловсрон, нийгэмд байр сууриа олж сайхан амьдрахын төлөө хичээдэг шүү дээ. Үүнд ямар ч мундаг зүйл байхгүй. Тиймээс сурсанд минь, ажил хийж байгаа, гэр бүл зохиосныг минь мундаг гэж харж урам авч байгаа бол би үүний төлөө хичээхгүй. Өөрөө өөртөө хамгийн сайнаараа байхыг хүснэ. Харин юманд бууж өгдөггүй, тууштай байдал, хэнээс ч айхгүйгээр хэлэх зүйлээ хэлдэг зан чанараас минь урам авдаг бол би үүнийгээ хэзээ ч алдахгүйг хичээнэ.
-Таны ээжийн захиас, хэлэх дуртай үг юу вэ. Мөн та охиндоо ямар үг их хэлдэг вэ. Анзаарч байв уу?
-Ээж хүний итгэлийг алдаж болохгүй, алдахгүй байхын төлөө хичээ. Хэн байснаа хэзээ ч бүү март гэдэг. Мөн хүнд чадах зүйлээ амлах хэрэгтэйг зөвлөдөг.
-Би танаас урам авдаг, бахархдаг гэж хэн нэгэн танд хэлбэл?
-Тэр хүндлэлийг нь дааж явахын тулд илүү их хичээх ёстой. Алдах эрхгүйгээ илүү мэдэрдэг дээ.
-Коронавируст цар тахлын хатуу хөл хорионы үеийг та хэрхэн өнгөрөөж байна. Сайн талаас нь харвал?
-Миний хувьд корона надад олон талаар их тус болж байна.
Нэгдүгээрт, хөл хорионы улмаас сүр дуулиантай баяр ёслолуудыг тэмдэглэхгүй, баярын уур амьсгалгүй өнгөрүүлж байгаа учир ганцаардлыг мэдрэхгүй байна. Хайртай хүнээсээ хагацаад жил хагас болж байгаа учраас баяр ёслолын үеэр түүнийгээ илүү их санаж, ганцаарддаг юм. 2019 оны охины минь төрсөн өдөр, шинэ жил бол үнэхээр хүнд болсон.
Хоёрдугаарт, охин маань ирэх намар сурагч болох учраас суулгаж сургах, хөгжүүлэхэд илүү анхаарах боломж гарч байна. Гуравдугаарт, ээжтэйгээ ингэж удаан хугацаанд хамт байж үзээгүй юм байна. Ээждээ эрхлээд, гарынх нь хоол цайг идээд л. Ээж маань үсчингээр 30 жил ажиллаж, намайг өдий зэрэгт хүргэхийн тулд энэ хөл хорио тогтоох хүртэл олигтой ч амарч үзээгүй юм. Тийм болохоор ээжийн маань хувьд маш урт амралт болж байна.
Дөрөвдүгээрт, мэргэжлийнхээ ном, материалыг илүү их уншиж, өөрийгөө хөгжүүлэх боломж гарч байна.
Мэдээж энэ үед хүн бүр, өрх бүрд л амьжиргаатай холбоотой асуудал гарч байгаа ч энд би асуудал хөндөж ярих нь илүүц байх.
-Өнөөдрийг хүртэл хамгийн сайн ойлгосон зүйл тань юу вэ?
-Өөрийн зорьсон зорилгод нийцээгүй зүйлээ орхиж сурах хэрэгтэйг ойлгож байна. Ер нь би хөгжлийн бэрхшээлээс гэдэг асуудлаас өөр салбар руу орохгүй, үсчихгүй. Зөвхөн хариуцсан зүйлдээ эзэн болно гэсэн хатуу зарчимтай. Үүнийхээ дагуу чиг шугамаа алдахгүй явахыг хүсдэг. Мөн тэртээ тэргүй миний зорилгод нийцээгүй аливаа болохгүй байгаа зүйлийг, намайг үл тоож байгаа хүмүүсийг зүгээр орхиж сурах хэрэгтэйг ойлгож авсан. Сэтгэл амар байдлыг илүү чухалчлах болсондоо. Магадгүй энэ ханиа алдаад хэргийн араас яваад жил хагасын хугацаанд маш их стресс бухимдал, айдас, шаналалтай болсонтой холбоотой байх.
-Цаг гарган ярилцсанд маш их баярлалаа. Энэ жил төлөвлөсөн бүхэн нь бүтэх болтугай гэж ерөөе.