Өнөөдөр 19:10 цагт Хөвсгөл аймгийн Ханх сумын төв Туртад дахин 4.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон талаар бид мэдээлсэн. Энэ талаар сумын Засаг дарга Л.Даваабаяртай 20:10 цагт утсаар холбогдож тодруулга авлаа.
Сумын Засаг дарга Л.Даваабаяр:
"Энд өнөөдөр 4-өөс дээш магнитудын хүчтэй газар хөдлөлт 10-аад удаа боллоо. Ер нь нийт 600-700 удаагийн чичирхийлэл мэдрэгдээд байна. Бид дэлгүүр хоршооны хохирлыг ерөнхийд нь гаргасан. Одоо албан байгууллагуудын байранд учирсан хохирлыг тогтоохоор аймгаас мэргэжилтнүүд ирж байна.
Иргэддээ цахимаар болон утсаар, багийн дарга нараар дамжуулан мэдээлэл өгч байна. Анх 6,8 магнитудын хүчтэй газар хөдлөхөд иргэд их цочирдож байсныг бодвол одоо харьцангуй тайван хандаж байна" гэлээ.
Ханх сумын төв Турт нь Хөвсгөл нуурын хөвөөнд, аймгийн төв Мөрөнгөөс хойш 280 км, нийслэл Улаанбаатараас 1020 км, Оростой хиллэх Ханх-Мондийн хилийн боомтоос 22 км зайд оршино.