Ардчилсан намын 7-р их хурлаар С.Эрдэнэ намын даргаар албан ёсоор батламжлагдлаа. Түүний хувьд шинэ дүрмийн дагуу гал тогоогоо бүрдүүлэх ёстой. Ардчилсан нам 2 дэд даргатай байна. Хэн болох тухай яриа хараахан гараагүй.
Харин С.Эрдэнэтэй хамгийн ойр ажиллах хүн нь намын ерөнхий нарийн бичгийн дарга. Энэхүү албан тушаалд С.Эрдэнэ өөрийн хамгийн ойр хүний нэг Ц.Тувааныг томилох хүсэлтэй. Үүнийгээ ч батлах мэт үйлдлийг гаргав. АН-ын 7-р их хурлаар Ерөнхий нарийн бичгийн даргыг томилох байсан ч чадсангүй. Харин үүрэг гүйцэтгэгчээр Ц.Тувааныг томилов. Тэгэхээр үүрэг гүйцэтгэгч болгочихсон юм чинь жинхлэх гэж зүтгэх биз. Ингэсэн нөхцөлд Шонхор фракц нэг мөр Ардчилсан намыг удирдах нь байна.
Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын төлөөх өрсөлдөөнд М.Батчимэг зүтгэж яваа. Түүний хувьд гэхдээ С.Эрдэнэтэй гар нийлэн ажиллах хүсэл төдийлөн төрөөгүй болов уу. Энэ утгаараа нэрээ алсуураа татаж байгаа сураг дуулдаж байна.
О.Магнай гэгчийн нэр цухалзах болсон. Гэхдээ намаас авах дэмжлэг байхгүй. Энэ утгаараа бол өрсөлдөөнд орж чадахгүй.
МоАХ фракцын зүгээс Байгалмааг зүтгүүлж байгаа. Түүний хувьд уг суудалд суухыг хүсч байгаа нь гарцаагүй. Харин С.Эрдэнэ дарга МоАХ-ын төлөөлөл болох Байгалмаад итгэж чадах эсэх эргэлзээтэй. Тэгэхээр явж явж С.Эрдэнэ өөрийн гарын дор байх хүнээрээ Ц.Тувааныг тавих нь бараг л үнэн болж байх шиг байна.
Ерөнхийдөө Ардчилсан намын албан тушаалыг С.Эрдэнэ бусад фракцтай наймаалцах байдлаар шийдэхийг хүсээгүй. Тэр утгаараа нэгэнт намын даргын суудлыг авсан. Хариуцлага хүлээнэ. Иймд багаараа зүтгэнэ. Байрыг нь хүртэл өөрөө гаргачихлаа. Тэгэхээр бүхнийг өөрөө хийнэ гэж бусад фракцынхандаа шахалт үзүүлж байгаа бололтой.