Ардчилсан намын 7-р их хурал болж өнгөрлөө. Уг хурлаас Ерөнхийлөгчид өрсөлдөх нэр дэвшигчийг сунгаагаар тодруулах шийд гарна гэж байв. Гэвч уг шийдвэр гарсангүй. Тэгэхээр Ардчилсан намын даргаар сонгогдсон С.Эрдэнэ хэнийг Ерөнхийлөгчийн сонгуульд сойхоо мэднэ гэсэн үг.
Түүнд хэд хэдэн хувилбар бий. Үүнээс хамгийн бодитой, бас илүү ойр сонсогдож байгаа нь Р.Амаржаргал. Түүний хувьд Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх бэлтгэлээ базаагаад эхэлсэн гэдэг мэдээ дуулдаж байна. С.Эрдэнэ гишүүний хувьд намын дарга болсон гэдэг нэр хүндээ улам бэхжүүлэхийн тулд Ерөнхийлөгчийн сонгуульд амжилттай оролцохыг хүсч байна. Энэ утгаараа мань эрхэм Р.Амаржаргалыг сойх нь илүү ашигтай гэсэн хувилбарыг сонгосон бололтой.
Тус намд Ерөнхийлөгчийн сонгуульд хүчтэй өрсөлдөх 2 л эрхэм бий. Нэгд: Р.Амаржаргал, хоёрт: Э.Бат-Үүл.
Э.Бат-Үүлийн хувьд Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх хүсэлтэй. Харин түүнийг нам нь дэмжих эсэх нь эргэлзээтэй болчихлоо. Ямартай ч хөшигний цаана тохиролцоо үргэлжлэх нь гарцаагүй. Одоогийн байдлаар Э.Бат-Үүлийг дэмжиж байгаа дүр төрх Ардчилсан намын удирдлагын зүгээс харагдахгүй байна. Гагцхүү түүнтэй ойрхон байдаг хэсэг бүлэг хүн л Э.Бат-Үүлийг Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдүүлэх талын бодол өвөртөлж байгаа бололтой. Бусад нь бол энэ тухай огт бодож, сэтгэж байгаа зүйл байхгүй.
Р.Амаргжал: Түүнийг С.Эрдэнэ дэмжих магадлал өндөр. Угаасаа ийм хувилбарыг эртнээс тооцсон гэх мэдээлэл гарав. Р.Амаржаргалын хувьд Ерөнхийлөгчид өрсөлдөхийн тулд УИХ-ын сонгуулиас нэрээ татсан. Үүний зэрэгцээ С.Эрдэнэ намын даргад өрсөлдөхөд нь энэ талын тохиролцоог хийсэн гэх мэдээлэл чих дэлсэж байна.