Шонхор таур гэх нэртэй байсан барилга бол Хүүхдийн ордны зүүн талд байрладаг байв. Өнөөдрөөс энэхүү байр нэрээ сольж байна. Ардчиллын өргөө гэсэн нэр хаяг зүүлээ. Мөн Ардчилсан намын төв байр гэх хаягтайгаар уг байрны ихэнх давхарт улс төрийн нам байрлахаар болжээ.
С.Эрдэнэ Ардчилсан намын дарга болсон тэрээр намынхаа бүх санхүүжилтийг үүрнэ. Энэ утгаараа бас хариуцлагыг хүлээнэ. Иймээс намынхаа төв байрыг нүүлгэж өөрийн эзэмшлийн Шонхор таур гэх барилгад шилжүүлчихлээ.
Шонхор таур нэртэй байсан уг барилга нь Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сургалтын төв байх ёстой гэсэн яриа байдаг. Уг барилгыг “Төгс эрдэм сан” ТББ нэр дээрээ хөөцөлдөж авсан байдаг. Уг сангийн эрхлэх үйл ажиллагааны чиглэлд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг хөгжүүлэх тухай үг, өгүүлбэр бий. Энэ утгаараа тус сан нь уг газрыг хөөцөлдөж авахдаа Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сургалтын төв барина гэсэн учраас л газар олгогдсон гэж олон нийт харддаг билээ.
Тэгвэл хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сургалтын төвийн барилга хаана байна вэ?
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сургалтын төвийн барилгыг БНХАУ-ын буцалтгүй тусламжаар барих шийдвэр нь гарчихсан. Хөдөлмөр, Нийгэм хамгааллын яаман дээр уг төсөл явж байгаа. БНХАУ-ын зүгээс уг барилгыг барих санхүүжилт гэж 30 сая ам долларыг Монгол улсад өгссөн гэх мэдээлэл бий. Энэхүү мөнгөн дүнгээр хаана ямар газарт уг барилга баригдах нь тодорхойгүй. Зураг төсөл нь хийгдсэн гэдэг ч ил болсон нь байхгүй. С.Эрдэнэ сайд байхдаа энэхүү ажлыг эхлүүлнэ гэж мэдэгдэж байсан. Харин хараахан барилгын ажлыг эхлүүлсэн гэдэг мэдээлэл гараагүй.