Covid-19-ийн улмаас улс орнууд хилээ хааж, хөл хорио тогтоох болсноор онлайн худалдаа хүчээ авсан. Энэ бүхнийг далимдуулан амар хялбар аргаар мөнгө олох хүмүүс ч олширчээ. Тухайлбал, хөл хорио тогтоосноос хойш цагдаагийн байгууллагад цахимаар мөрийтэй тоглох, лайваар азтан шалгаруулах зэрэг зөрчлийн улмаас гэмт хэргийн хохирогч болсон 4000 гаруй хүн хандсан байна.
Энэ талаар ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн Х.Хатанбаатар хэлэхдээ “Иргэд онлайн худалдаа, хүргэлтийн үйлчилгээ, лайваар азтан шалгаруулах үйл ажиллагаа, сонжоо гэх мэт цахим гэмт хэргийн хохирогч болж байна. Иргэдээс 5-10 мянган төгрөг хураан, лайваар азтан шалгаруулж байгаа нь ашиг олох зорилготой, залилангийн шинжтэй үйлдэл юм.
Эхлээд тодорхой хэмжээний мөнгө амлан, азтан шалгаруулдаг байсан бол сүүлдээ байр, машины хонжвортой явагддаг. Олон хүнтэй группт лайвуудаа шэйр хийн, данс байршуулж иргэдээс мөнгө хураадаг. Манайхан ч амар хялбар аргаар мөнгөө үржүүлээд авах сонирхолдоо хөтлөгдөн хэдэн зуугаараа оролцоод луйвардуулдаг. Мөн онлайнаар бараа зарна гэж урьдчилгаа мөнгө аваад алга болдог олон тохиолдол бүртгэгдсэн" гэв.