Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс дуучин Э.Оюумаад бусдад хахууль өгсөн хэргээр ял оноолоо.
Тодруулбал Э.Оюумааг “Бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5.400.000 төгрөгийн торгох ялаар шийтгэжээ.
Түүнтэй хамт
Шүүгдэгч Р.Энхтайваныг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын даргаар ажиллаж байхдаа “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон, мөн Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд бусдаар дамжуулан хахууль авсан" хэрэгт гэм буруутайд тооцон нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж 2 жилийн хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж 2 жилийн хорих ял оноосон байна.
Шүүгдэгч Б.Мөнхтуяаг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах албаны ахлах шийдвэр гүйцэтгэгч байхдаа “Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд хахууль авах гэмт хэрэгт хамжигчаар оролцсон" хэрэгт гэм буруутайд тооцон нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 10.950.000 төгрөгийн торгох ял оноожээ.
Мөн Р.Энхтайванаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд 560.000 төгрөг, Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтэст хадгалагдаж байгаа 200 ам. доллар, Төрийн сангийн 100900033401 тоотод дансанд байгаа 4.435650 төгрөгийг тус тус гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогод тооцож улсын орлого болгож шийдвэрлэсэн байна.
Эх сурвалж: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар