Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт ариутгал хийх нэрээр айл өрхийн судалгаа хийж, иргэдийн эд зүйлийг дээрэмдэх гэж байсан этгээдийг баривчилсан байна. Тус дүүргийн орон сууцны хорооллын айл өрхөөр явж дэвтэр дээр бүртгэлжүүлсэн. Ингэхдээ тухайн айл хэзээ, хэдэн цагийн үед гэрт нь өндөр настан, бага насны хүүхэд байдгийг мэдэж авах зорилго агуулж байжээ. Үүний зэрэгцээ уг мэдээллийнхээ дагуу дээрэм хийх гэж байсан гэж цагдаагийн газраас мэдэгдлээ.
Уг хэргийг үйлдэгч нь оршин суух тодорхой хаяггүй иргэн М гэгч байгаа юм. Түүний хувьд энэхүү хэргийг үйлдэхээр эртнээс төлөвлөж байсан байна. Одоогийн байдлаар уг иргэнд дээрэмдүүлж эд зүйлээрээ хохирсон гэх гомдлыг Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс авч шалгаж эхэлжээ.
Ер нь гэртээ ганцаараа байгаа өндөр настан, бага насны хүүхэдтэй айл өрхүүд гадны хэн нэгнийг гэртээ оруулахгүй байхыг цагдаагийн газраас анхааруулж байна. Албан ажилтан гэх дүр эсгэж айлын гэрийг судалдаг, хулгай, дээрмийн хэргийнхээ золиос болгох гэсэн оролдлого гарсаар байгаа учраас цагдаагийнхан анхаарууллаа. Мөн цагаан сар дөхөж байгаа учраас хулгайн гэмт хэрэг нэмэгдэх хандлагатай байна. Иймд айл өрх бүрийг хулгайн гэмт хэргийн золиос болохгүйн тулд анхаарал болгоомжтой байхыг Цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.