ХЭҮК-оос амаржсан эхийн эрхийг зөрчсөн хэмээн УОК-т шаардлага хүргүүлнэ

ХЭҮК-оос амаржсан эхийн эрхийг зөрчсөн хэмээн УОК-т шаардлага хүргүүлнэ

Өргөө амаржих газарт амаржсан эхийг ХӨСҮТ рүү хүргүүлэхдээ хүнлэг бус, хайхрамжгүй хандсан асуудлаар Хүний эрхийн үндэсний комиссоос Улсын онцгой комисст шаардлага хүргүүлнэ.

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд зааснаар байгууллага, албан тушаалтан, хуулийн этгээд хүний эрх, эрх чөлөөг зөрчсөн гэж үзвэл зөрчлийг арилгуулахаар шаардлага хүргүүлдэг.

Хуульд зааснаар уг шаардлага, зөвлөмжийг хүлээн авсан байгууллага, албан тушаалтан, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй юм байна.

Цар тахалтай холбоотойгоор өнгөрсөн хугацаанд ХЭҮК-оос УОК-т нийт зургаан шаардлага, зөвлөмжийг хүргүүлжээ. Яг одоо ХЭҮК-ын гишүүн Г.Нарантуяа, Б.ЭНхболд нар ХӨСҮТ-д ажиллаж байна.

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд зааснаар “Байгууллага, албан тушаалтан, хуулийн этгээд шаардлагыг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор, зөвлөмжийг хүлээн авснаас хойш 60 хоногийн дотор хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар бичгээр хариу мэдэгдэнэ. Комиссын гишүүн хүний эрхийн зөрчил, хэрэгжүүлэх арга хэмжээний онцлогоос хамааран хариу мэдэгдэх хугацааг өөрөөр тогтоож болно” хэмээн заажээ.

Мөн “Комиссын гишүүний шаардлагын дагуу арга хэмжээ аваагүй бол албан тушаалтныг албан тушаалаас нь огцруулах, хуулийн этгээдийн тусгай зөвшөөрлийг цуцлах, үйл ажиллагааг нь зогсоох саналыг эрх бүхий байгууллага, албан тушаалтанд гаргах үндэслэл болно” гэжээ.