Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол. Уг салбарын сайдаар 2 дахь удаагаа ажиллаж байгаа. Туршлага, мэдлэг, улс төрд өнгөрүүлсэн он жилүүдийг бодох юм бол байгаль орчны асуудлыг яриад, хэлэлцээд, хэрэгжүүлээд явж дөнгөхөөр улс төрч. Гэвч тэр тэгэхийг хүсэхгүй байна. Эсвэл түүнд тэгэх сонирхол нь алга. Энэ хадагтайд илүү өөр, эрх ашиг үйлчилж байх шиг ээ.
Улаанбаатар хотын утаа бол гамшиг биш
Байгаль орчны сайдын амнаас ийм үг гарч байна. Үнэхээр л байгаль орчны сайд бол хотын утааг бууруулах чиглэлд анхаарч ажиллах ёстой биш гэж үү? Гайхаад барахгүй нь. Утаа гамшиг биш. Улаанбаатар хотын хөрсний бохирдол гамшиг биш юм байна л даа.
Эрдэмтэн судлаачид, эрүүл ахуйн мэргэжилтэн бүр Улаанбаатар хотын утаа гамшиг болчихсон. Утаанаас гадна хөрс гэдэг маш том аюул бидний өмнө тулгамдчихаад байна. Хөрсний бохирдлын асуудлыг ярихгүйгээр байгаль орчны эрүүл ахуйн талаар хөндөх ямар ч боломжгүй гэдгийг хэлээд байгаа. Харин Байгаль орчны сайд Д.Оюунхорол бол гамшиг биш. Битгий сүржигнээд байх гэсэн утгатай үг хэлээд сууж байна. Энэ хүнд итгээд 4 жил байгаль орчны асуудлыг даатгана гэдэг бүрхэг юм.
Утаа гамшиг биш юм байж. Улаанбаатар хотын 1,3 сая иргэн утаанаас болж уушги нь хордож, эрүүл мэндээрээ хохирч байгаа. Энэ асуудлыг эрхэм сайд тоохгүй юм байж. Эрүүл мэндийн сайдын асуудал гэх нь байна л даа. Тэгвэл Улаанбаатар хотын хүрээлэн буй орчин утаанаас болж эрсдэлд орж байгаа. Үүнийг бас л Байгаль орчны сайдын асуудал биш гэж мэлзэх үү? Мэлзэж мэдэхээр л сайд шүү дээ. Энэ сайдын эрхлэх асуудал нь байгаль орчин, хүн амын аюулгүй байдал гэдгийг хэзээ ухаарах юм бол. Тодруулбал Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг асуудал ч мөн л Д.Оюунхорол сайдтай холбогдоно. Хэрэв уг асуудалд анхаарахгүй бол огцруулах тухай ярина гэдгээ УИХ-ын гишүүн мэдэгдчихлээ.
Ийнхүү огцруулах хүртэл арга хэмжээ авхуул мэдэхээр байгаа Д.Оюунхорол сайдын маш ойрынх нь хамтрагч нэгэн хурган дарга нь Авлигатай тэмцэх газарт шалгагдаад эхэллээ. Хуш модны самар хилээр гаргах бичиг үйлдсэн хэргээр тус яамны хэд хэдэн албан тушаалтан шалгагдаж эхэлжээ. Сайдын нэр шууд холбогдоогүй ч албан тушаалтан томилохдоо алдсан бурууг сайд үүрч л таарна. Учир нь авлигын хэрэгт холбогдоод байгаа газрын дарга нь сайдын сонгуульд ажилласан нэгэн гэгдээд байгаа.
Хамгийн хачирхалтай нь Байгаль орчны сайд Монгол Улсын нэн ховордсон ургамлыг хогийн ургамал гэж тодорхойлоод сууж байна. Үүнийхээ төлөө тэр хариуцлага хүлээх ёсгүй юм гэж үү?
Дэргэвэр жиргэрүү гэгч ургамал нь 1995 оноос нэн ховордсон гэх ангилалд багтсан. 2015 онд дөнгөж 95 тонн л улсын хэмжээнд байжээ. Уг ургамлын 75 тонныг нь Д.Оюунхорол сайдаар ажиллах 8 сарын хугацаанд түүлгэчихсэн. Харин Түүний дараагийн сайд Н.Батцэрэг хамгаалж үлдсэн. Гэтэл Д.Оюунхорол сайдаар ирээд л өнөөх ургамлыг 350 тонныг түүх тушаал гаргачихлаа. Тэгээд тушаалаа өмөөрч хогийн ургамал. Хаа сайгүй л ургадаг гэх утгатай үг хэлээд сууж байна. Үнэн хэрэгтээ Дэргэвэр жиргэрүү гэгч ургамал нь Дорнод, Сэлэнгэ аймгийн цөөхөн хэдэн суманд ургадаг. Тархац багатай ургамал юм. БНХАУ, БНСУ-д гаргаж худалдаалдаг. Нэг ургамлын үндэс нь 3500 төгрөг болдог. Хил даваад илүү өндөр үнэ хүрдэг байна.
Ингэж л байгалиа сүйтгэж байгаа сайдыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд гэж өргөмжлөөд л явах уу?