Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгууль 2017 оны 06 сарын сүүлээр болно. Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулах ажил эхэлчихсэн явж байна. Нэр дэвшүүлэх үйл ажиллагаа хараахан эхлээгүй. Нэр дэвшигч нарын хувьд нам намаасаа тодорч л байна.Эртнээс Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх бэлтгэлээ базаасан эрхэм бол М.Энхболд. МАН-ын дарга гэх том сэтэртэй тэрээр УИХ-ын дарга гэх төрийн өндөр сэтэртэй нэгэн. Түүнд бусад өрсөлдөгч нараа бодуул давуу тал, боломж бүгд байна. Үүнийг гэрчлэх үйл явдал эхэлчихлээ.
М.Энхболд баруун 4 аймагт ажиллаж байна
УИХ-ын дарга М.Энхболд чуулган завсарлангуут баруун 4 аймгийг зорив. УИХ-ын намрын чуулганаар хийсэн ажлаа ард иргэдэд тайлагнах юм гэнэ. Ингэхэд намрын чуулганаар яг ямар ажил амжуулчихсан билээ. Мэдээж хэдэн хууль баталсан. Хэдэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан гэх нь гарцаагүй.
Халамж, бас дахин халамж
Намрын чуулганаар хийсэн ажлын нэг нь энэ. Насны хишиг олгох халамжийн хууль баталсан. Үүнд 65-аас дээш настай ахмад буурал бүр баярлаж байгаа биз. Ядаж байхад цагаан сарын өмнө өгөх учраас тэд М.Энхболдод талархана гэж мань хүн тооцов. Яг үнэндээ ахмадыг тарчлаах халамжийн хууль болчихсон.
65-аас дээш настай бол та насны хишиг авна. Гэхдээ насны хишиг авах хүсэлтээ өргөдөл бичээд өгчих. Халамжийн газар очоод бүртгүүлчих, бичиг баримт дээр гарын үсэг зурчих гэх мэтээр баахан чирэгдэл. Дээр нь хэдэн бичиг цаас бүрдүүлэх гэж тав, арван мянган төгрөгийг хөгшчүүлээс татаж суугаа. Ингэж луу унжиж өгөх гэж байгаа насны хишиг гэх халамжийн мөнгө нь цагаан сарын өмнөх өдөр л олгогдоно. 100 гаруй мянган ахмадын хэд нь авч амжих бол. Бас л инээдтэй юм шүү.
Олон хүүхэдтэй эхийг халамжлах төрийн бодлого. Ийм бодлогыг энэ их хурал намрын чуулганаараа баталсан. Хүүхэд төрүүлсэн эхийг тэтгэвэрт гарахад нь ажилласан жил нь нэмэгдэж бодогдох зэргээр халамжлах бодлого хэрэгжүүлнэ. Мөн бага насны хүүхдээ харж байгаа бол халамжлах бодлого хэрэгжүүлнэ. Нэг талаасаа байж болох юм. Үүнийг УИХ-ын дарга М.Энхболд түмэн олонд хүргэж явна.
М.Энхболдын баатар мэт цээжээ дэлдэх сэдэв нь ЭРДЭНЭТ
Зөвхөн М.Энхболд биш. УИХ-ын 65 гишүүнтэй МАН-ын бүлгийн цээжээ дэлдэж улс төр хийх сэдэв нь Эрдэнэт үйлдвэрийн 49 хувь. Тэд түмний хүсэлтээр төр шийдвэр гаргачихсан мэт авирлах нь гарцаагүй. Яг үнэндээ төр хүссэн үү? Түмэн олон шаардсан уу? гэдэг дээр хариулалт алга. Харин эрх ашигт хүлэгдсэн хүмүүс Эрдэнэтийн 49 хувийг Төрд авах гэж зүтгэчихсэн юм биш биз. Үүнийг дэнслэх боломж иргэдэд алга. Үнэндээ шийдсэн гэх нэрийг М.Энхболд зүүх нь гарцаагүй.
Ийнхүү намрын чуулганаар хийсэн ажлаа сурталчлах нэрээр М.Энхболд Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэлээ базааж, уулзалтаа хийж явна. Тэр давуу талаа ашиглаж байна. Өөр яах билээ дээ.