Хулгана гүйсэн гэж хэлсний төлөө 500,000 төгрөгөөр торгуулжээ

Хулгана гүйсэн гэж хэлсний төлөө 500,000 төгрөгөөр торгуулжээ

иргэн Д.Мөнхбат хоёр сарын өмнө хэвлэлд "Энхсаран сувилалд хулгана гүйж байгаа бичлэг нь надад бий. Хулгана явж байна гэдэг нь ойлгомжтой . Маш бохир. Эрүүл ахуйн наад захын шаардлага хангаагүй байж халдвар хамгааллын дэглэм сахиж чадахгүй нь ойлгомжтой. Би хулганы хоронд хордоод ирсэн. Covid-19 халдварын эмчилгээний хажуугаар хордлого тайлах эмчилгээ хийлгэсэн"  гэх утга бүхий ярилцлагыг өгч байсан билээ. Иргэн Д.Мөнхбат нь гадаадаас ирээд Энхсаран сувилалд тусгаарлагдаж байхдаа Covid-19 халдвар авч эмчилгээ хийлгэсэн юм. Тэрээр гадаадад халдвар аваагүй, харин Монголд ирээд тусгаарлагдаж байхдаа буюу Энхсаран сувилалд халдвар авсан байж болзошгүй тухайгаа ч хэлж байсан юм. Ийнхүү үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлсэн Д.Мөнхбат нь 2021 оны 1 дүгээр сарын 18 өдөр Зөрчлийн хуулиар 500,000 төгрөгөөр торгуулсан байна. 

Цагдаагийн Ерөнхий газрын  зөрчил шалгах мэргэжил арга зүйн хэлтсийн дарга цагдаагийн хурандаа Ч.Чинбатаас дээрх асуудлыг тодруулахад дараах хариулалтыг өгч байна. 

Ч.Чинбат:  иргэн  Д.Мөнхбат нь тусгаарлах байранд хулганаар дамжин халдвар тархсан гэж мэдэгдсэн. Үүнийг цагдаагийн байгууллага хүлээн авч шалгахад  бусдыг төөрөгдүүлэх худал мэдээлэл гэж үзсэн учраас  Зөрчлийн хэрэг нээн шалгасан. Улмаар хэрэг шалгалтын явцад цугларсан нотлох баримтуудыг үндэслэн нэгдүгээр сарын 18-ны өдөр иргэн Д.Мөнхбатад шийтгэл оногдуулсан. Аливаа хэлбэрээр  тухайн иргэнийг үзэл бодлоо илэхийлснийх нь төлөө хариуцлага тооцоогүй. Зөрчлийн болон Эрүүгийн хуульд заасан  хорио цээрийн үед  худал мэдээлэл тараах, бусдын нэр төрд халдахыг хориглоно гэсэн заалтуудыг зөрчсөн учраас шийтгэл оногдуусан" хэмээн мэдэгдлээ. 

Хүн бүр хардах эрхтэй. Энэ эрх бол гүтгэх, нэр төрд халдах гэдгээс өөр ойлголт. Гэвч зөрчлийн хуульд энэ бүхнийг хольж хутгасан учраас ийнхүү үзэл бодлоо илэрхийлж, өөрийнхөө таамгийг дэвшүүлсэн иргэн Д.Мөнхбат 500,000 төгрөгөөр торгуулаад өнгөрч байна. Нэг үгээр хэлбэл болохгүй, бүтэхгүй байна шүү гэдгийг сануулж хэлснийхээ төлөө шийтгэл хүлээдэг гаж тогтолцооны золиос болжээ. 

Зөрчлийн хууль нь зүгээр л иргэдээ торгох, шийтгэх гэсэн муйхарлал ихтэй болсон гэдгийг өнөөдөр хаа хаанаа хүлээн зөвшөөрөх болов. Уг хуулийг засч сайжруулахгүй бол энэ мэт асуудал байнга сөхөгдөж мэдэх юм.