Монгол Улсын шадар сайд, УОК-ын дарга Я.Содбаатар үүрэгт ажлаасаа огцрох өргөдлөө өгөхөө өчигдөр мэдэгдсэн билээ. Уг асуудлыг өнөөдөр засгийн газрын ээлжит бус хурал болж хэлэлцэх бөгөөд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Ерөнхийлөгч, УИХ-д танилцуулж чөлөөлөх дараалалтай юм.
Шадар сайд Я.Содбаатарыг чөлөөлөх нь гарцаагүй. Гагцхүү түүний орыг залгах дараагийн сайд хэн байх бэ? гэдэг дээр МАН-ынхан хоорондоо шивнэлдээд эхэлсэн байна. ЖДҮ гэх гуншингаасаа болж өмнөх албан тушаалын бялуу хуваалтаас хоосон шахуу хоцорч, сүүлдээ чү ай Ерөнхий сайдын ахлах зөвлөх гэх албан тушаалд очсон Ж.Энхбаяр гишүүний хувьд энэ удаад шадар сайдын суудалд очих магадлал маш өндөр байгаа гэнэ.
У.Хүрэлсүх Ерөнхий сайдын зүгээс Ж.Энхбаярт итгэл үзүүлэх сонирхол маш их байгаа. Мөн ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ ч бас Ж.Энхбаярт шадар сайдын ажлыг өгч болох юм гэсэн үгийг унагаасан байна. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан ч мөн л Ж.Энхбаяраас татгалзах шалтгаан байхгүй гэдгээ намынхандаа илэрхийлсэн сурагтай.
Удахгүй МАН-ын удирдах зөвлөл хуралдаж уг албан тушаалд очих хүнийг томилох шийдвэрт хүрэх ёстой. Уг хурлаас Ж.Энхбаяр ганцаараа тодрон гарч ирэх магадлалтай гэж МАН-ынхан таамаг дэвшүүлж сууна.