Засгийн газрын ээлжит бус хурал өнөөдөр өглөө эхэлсэн. Уг хурлаар огцрох өргөдлөө өгсөн 2 сайдын асуудлыг ярих төлөвтэй байсан ч уур амьсгал өөрчлөгдөж Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох тухай яриа болон хувираад байна.
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх хүнд, хэцүү цаг үед гал манаж, хамгийн хүнд ажлыг хариуцаж байсан 2 сайдыг огцруулаад өөрсдөө ард нь үлдэх нь утга алга. Харин ч муухай санагдаж байгаа учраас 2 сайдтайгаа хамтдаа бүгдээрээ явцгаая. Ийм хүнд цаг үед асуудлыг аргацаах биш цөм шийдэлд хүрэх ёстой гэх санал гаргасан байна.
У.Хүрэлсүхийн танхимын сайд нар Ерөнхий сайдын саналийг дэмжиж буй бөгөөд бөөндөө огцрох өргөдлөө өгсөн ч яахав гэдэг дээр хатуу байр суурь илэрхийлэх болжээ. Тэдний зүгээс хаашдаа байдал ийм болсон бол өөрсөд нь УИХ итгэл үзүүлэх эсэхийг бас харчихая гэсэн санал ч гарсан байна.
Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтөөр хэрэв Ерөнхий сайд танхимаа хамгаалж үлдэх бол өөрт нь итгэл үзүүлэх эсэхийг УИХ-аар хэлэлцүүлэх зохицуулалт байдаг. Энэ зохицуулалтыг ашиглаж болох тухай ч яригдсан байна.
Удахгүй МАН-ын удирдах зөвлөл хуралдана. Уг хурлаас 2 сайдыг огцруулаад асуудлыг намжаах уу? эсвэл засгийн газрын бүрэн бүрэлдэхүүнийг огцруулах эсэхийг ярилцах уу гэдэг санал хэлэлцэгдэх бололтой.