Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын хэвлэлийн албаны дарга О.Батханд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр "2020 оны нэгдүгээр сарын 22-ны өдөр Ерөнхийлөгч намайг албан өрөөндөө дуудаж уулзлаа. Би Ерөнхийлөгчийн тамгын газарт ажилладаг. Би Монгол Улсын жирийн нэгэн иргэн. Нийслэлд 2020 оны нэгдүгээр сарын 20-ны өдөр болсон тайван жагсаал, цуглааныг зохион байгуулсан болзошгүй хүний нэр дотор намайг нэрлэсэн байгаа юм. Би хариуцлагатай албан тушаал хашиж байгаа иргэнийхээ хувьд энэхүү мэдээллийг хийж байна.
Ямар баримтад үндэслэн Монгол Улсын иргэнийг ямар үндэслэлээр аливаа хэрэгт холбоотой болон хамааралгүй болохыг тогтоодог вэ. Би ардчилсан Монгол Улсад амьдарч байгаа. Ардчилсан Монгол Улсын иргэн ямар учраас ямар асуудалд холбогдсон гэдгээ асуух эрхтэй гэж үзэж байна. Би АН-ын гишүүн. 2020 оны УИХ-ын сонгуульд АН-аас нэр дэвшиж байсан. Би 2012 оноос хойш АН-ын гишүүний үзэл баримтлалдаа үнэнч байгаа. Би ялсан болон ялагдсан талд очиж үзээгүй. Энэ үеэс хойш би АН-ын олон лидерийн уналт, босолтыг нүдээрээ харж, гэрч нь болж байсан хүн. Тэр утгаараа би АН-ын гишүүний хувьд энд зогсож байна. Би хуультай улсад амьдарч байгаа гэдэгт итгэдэг.
Жагсаал, цуглаан зохион байгуулсан байж болзошгүй гэсэн мэдээлэл маш ихээр гарч байна. Ц.Туваан, Ө.Шижир, О.Батханд гээд олон хүний нэр явж байна. Эрүүгийн хуулийн 13.14-т зааснаар хүний нэр хүндэд, мөн ажил хэргийн нэр хүндэд илтэд халдсан худал мэдээлэл тараах нь өөрөө гэмт хэрэг. Тухайн өдөр “Үнэн ба зөв” намын дарга А.Отгонбаатарыг Сүхбаатарын талбайд гэрийн халат, тавчиктайгаа гэр бүлийн хамт ирснийг нь хараад, ард түмний чин сэтгэлийг сэргээсэн гэж би иргэнийхээ хувьд харснаас биш, би түүнтэй холбогдоогүй.
Мөн ХҮН-ын дарга Ц.Доржханд, УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай, Зон олны намын тэргүүн Э.Одбаяр нарыг лайв хийж байхыг харсан. Бүх намын төлөөллүүд тухайн өдөр үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэхээр лайв хийж байжээ. Иргэд ч мэдэж байгаа. Энэ жагсаалд ирсэн хүн бүр сэтгэлийнхээ дуудлагаар нэгдсэн гэж ойлгож байгаа. Ерөнхийлөгч болон ЕТГ жагсаал зохион байгуулсан асуудалтай ямар ч хамаагүй. Илтэд гүтгэсэн мэдээллүүд гарч байгаа учраас иргэн хүний хувьд би нэр төрөө сэргээлгэхээр шүүхэд хандаж байна. Би эрх зүйч хүн. Бусдыг тагнаж, чагнах нь хуулиар хориотой. Миний ярианы хоёр өдрийн датаг биш, 20 өдрийн датаг, цаашлаад хоёр жилийн датаг шалгах эрхийг олгож байна. Ерөнхийлөгч болон миний бие дээрх жагсаалд ямар ч хамраалгүй болохоор албан ёсоор мэдэгдэж байна" гэлээ.