Хатуу хөл хорионы үеийн хамгийн том хохирогч нь хүүхдүүд. Тиймээс эцэг эхчүүд амралтын өдрүүдээр хүүхдүүдээ салхинд гаргаж, дуртай газраа цана чаргаар гулгуулдаг. Харамсалтай нь, чаргаар гулгаж тоглосноосоо болж машинд мөргүүлж, хөл гараа хугалах, улмаар амиа алдах аюулд орж байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд /2021.01.17-18/ дөрвөн хүүхэд зам тээврийн ослоор бэртсэн. Тэдний гурав нь чаргаар гулгаж байхдаа автомашинд мөргүүлжээ.
Тээврийн цагдаагийн албаны мэдээлснээр хүүхдүүд Улиастай, Морингийн даваа орчимд чаргаар гулгахдаа автомашинд мөргүүлсэн байна. Золоор яаралтай тусламжийг цаг алдалгүй үзүүлсэн тул биеийн байдал нь харьцангуй сайн байгаа аж.
Хөлдсөн хуванцар чарга хагарч хүүхдүүдийг аюулд оруулахаас гадна, хүүхдээ чарганд суулгачихаад машинаараа чирээд явдаг хэнэггүй томчууд бий. Тэд машиныхаа хортой утаагаар хүүхдээ утаад зогсохгүй, амь насанд нь санаатайгаар заналхийлж байна гэхэд хилсдэхгүй. Өндөр уулын оройгоос тавхан настай балчир хүүхдээ ганцааранг нь чаргаар гулгуулж, араас нь инээд хөөр болж, баясах аав ээжүүд байна. Энэ мэт бодлогогүй үйлдлээс болж хүүхдийнх нь амь нас, эрүүл мэндэд эрсдэл учирч болзошгүйг эцэг эхчүүд анхаарах ёстой юм. Ядахдаа л уулын бэлд олон машин мөргөж, эрүүл мэндээрээ хохирч байгаа олон жишээ бий.
ХҮҮХЭД УНАЖ БЭРТСЭН ОСЛЫН ДИЙЛЭНХ НЬ ЧАРГАТАЙ ХОЛБООТОЙ
Монголд өвлийн аялал жуулчлал хөгжөөгүй, чөлөөт цагаа өнгөрүүлэх зориулалтын цанын бааз дутмаг учраас иргэд Богдхан уул, Хандгайт, Богинын ам, Нисэх, Яармагийн орчмын уул руу гарч, хүүхдүүдээ цана, чаргаар гулгуулдаг. Улаанбаатарт стандартад нийцсэн ганц цанын бааз нь Скай резорт хэдий найдвартай харьцангуй өндөр үнэтэй учир иргэд аль ойр байрлалтай уулын амыг барааддаг нь нууц биш. Харсан зүгтээ, хүссэн ууланд гарч, цана чаргаар гулгадаг энэ байдлыг хянаж, хорьж, зохицуулах газар байхгүйгээс өнөөдөр Гэмтлийн эмнэлэг чарганаас унаж, бэртсэн хүнээр "дүүрээд" байна.
Гэмтэл согог судлалын үндэсний төвд жилд дунджаар 60 мянга гаруй хүн осолдож ирдгээс 40 орчим хувийг унаж, бэртсэн гэмтэл эзэлж байна. Харин унаж, бэртсэн гэмтлийн 10 гаруй хувь нь чарганаас осолдсон бэртэл, гэмтэл байгааг тус эмнэлгийн статистик, тандалтын мэдээлэлд дурджээ.
Хамгийн сүүлийн статистик мэдээллээс харахад, ГССҮТ-д өнгөрсөн долоо хоногт /2021.01.11-18/ нийт 2076 хүн бэртэж, эмнэлгийн тусламж авчээ. Үүнээс 635 буюу 30.3 хувь нь 0-18 хүртэлх насны хүүхэд байгаа юм. Унаж гэмтсэн хүүхдүүд ослын шалтгааны 54 хувийг эзэлж байгаа ба 27.4 хувь нь чаргаар гулгаж байхдаа бэртжээ.
Танхимаар хичээллэхгүй, сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа түр зогссон энэ өдрүүдэд ГССҮТ-д хоногт дунджаар 10 хүүхэд чаргаар гулгаж байхдаа гэмтсэн шалтгаанаар тусламж авдаг байна. Тэгвэл өнгөрсөн амралтын хоёр хоногт 80-120 хүүхэд бэртэж гэмтсэний улмаас эмнэлгийн тусламж авсны 25 хувь нь чаргатай "осолджээ". Жилийн жилд хүүхдүүд чаргаар гулгаж тоглохдоо эрүүл мэндээрээ хохирч байгаа нь эцэг эхийн хайхрамжгүй зангаас болдгийг ч эмч нар анхааруулсныг энд тодотгоё
ЭЦЭГ ЭХИЙН ХАЙХРАМЖГҮЙ ҮЙЛДЭЛ ЧАРГАТАЙ ОСЛЫН ГОЛЛОХ ШАЛТГААН БОЛЖ БАЙНА
Энэ асуудлаар ГССҮТ-ийн Хүлээн авах, яаралтай тусламжийн эрхлэгч Б.Эрдэнэболдоос тодрууллаа.
-Сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг түр хугацаанд хориглож, хүүхдүүд гэртээ цахимаар хичээллэж байна.Энэ хугацаанд хүүхэд осолдож бэртсэн тохиолдол хэр их бүртгэгдсэн бэ?
-Хатуу хөл хорионы үед /2020.11.11-2021.01.11/ хоёр сарын хугацаанд Гэмтэл согог судлалын үндэсний төвийн ачаалал харьцангуй буурсан. Хүүхэд осол, гэмтэлд өртөх нь ч ердийн үеийнхээс багассан. Энэ нь хөл хөдөлгөөнийг хязгаарласантай холбоотой.
–Тэгвэл өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжснээр иргэдийн хөл хөдөлгөөн ихэсч байна.Ялангуяа амралтын өдрүүдэд хүүхдүүд чаргаар гулгаж байхдаа бэртэж гэмтэх боллоо?
-Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж, хөл хорионы дэглэмийг сулруулснаар хүмүүсийн хөл хөдөлгөөн ихэсч, эмнэлгийн ачаалал, хүүхдийн осол гэмтэл хоёр дахин нэмэгдсэн. Хөл хориог сулруулсан эхний долоо хоногт энэ сарын 11-ээс эмнэлгийн ачаалал ихэсч, хүүхдүүд бэртэж гэмтэх нь ихэслээ.
Ялангуяа сүүлийн өдрүүдэд цаг агаар тогтуун байгаа учраас эцэг эхчүүд хүүхдээ агаар салхинд гаргаж, чаргаар тоглуулж байна. Үүнийг дагаад эцэг эхийн хайхрамжгүй үйлдлээс болж хүүхдүүд чаргаар гулгаж байхдаа гэмтэх боллоо.Зөвхөн өнгөрсөн амралтын өдрүүдэд л хоногт 80-120 хүүхэд гэмтэж бэртсэний улмаас эмнэлгийн тусламж авсан.Үүний 25 хувь чарганы осол эзэлж байна.
Иргэд зориулалтын бус газарт буюу уул, хадны энгэрт чаргаар гулгаж байгаа нь хамгийн аюултай. Ойр орчимд нь жалга, ухсан нүх, том чулуу зэрэг байгааг анзааралгүй чаргаар гулгаж, бэртэж гэмтэж байна. Зөвхөн хүүхдүүд ч биш эцэг эхчүүд хамт өндрөөс гулсч бэртэх тохиолдол ч бий. Автомашиныг замбараагүй байрлуулсан, тээврийн хэрэгсэл байнгын хөдөлгөөнтэй байдаг тул өндрөөс хурдтай чаргаар гулсахдаа зогсч чадалгүй автомашин мөргөдөг, мөргүүлж гэмтэх тохиолдол гарч байна.
-Эцэг эхчүүд автомашинаа чаргатай холбож хүүхдээ тоглуулж байгаа нь ажиглагдах боллоо.Үүнээс болж хүүхэд нь бэртэж, гэмтсэн тохиолдол хэр их гардаг вэ?
-Эцэг эхчүүд хүүхдээ агаарт салхилуулж, тоглуулахыг буруутгахгүй.Гэвч хайхрамжгүй үйлдлээс болж хүүхдүүд гэмтэж байгааг анхаарах хэрэгтэй.Хүүхдээ чаргаар гулгуулж тоглуулахыг хүсвэл автомашинаар холбож чирэх биш чарган хүүхдээ суулгаад өөрсдөө хөтлөөд явж болно шүү дээ.
Тээврийн хэрэгсэлдээ чарга холбож хүүхдээ тоглуулах нь маш аюултай. Хүүхэд бэртэж гэмтэх том шалтгаан.Тээврийн хэрэгслээ чаргатай холбож хүүхдээ тоглуулах үедээ гэнэт зогсдог.Үүнээс болж хүүхэд нь автомашин мөргөж гэмтэх тохиолдол цөөнгүй.
-Чаргаар гулгаж байхдаа бэртэж гэмтсэн хүүхдүүдийн хувьд ихэвчлэн ямар бэртэл авч байна вэ.Мөн цанын баазад гулгаж байхдаа бэртэж гэмтсэн тохиолдол гардаг уу?
-Зориулалтын бус газарт буюу ууланд чаргаар гулгах нь маш аюултай. Эрүүл мэндээрээ хохирох төдийгүй амь насаа алдахыг ч үгүйсгэхгүй.Чаргаар гулгаж бэртсэн үед ихэвчлэн л үе мөчний буюу гар хөл, тохой, нуруундаа гэмтэл авч байна. Ингэхдээ хосолсон хэлбэрийн гэмтэл байгаа нь аюултай.Өөрөөр хэлбэл, үе мөчдийн болон цээж, тархиндаа бэртэл авч байна. Магадгүй амь насаа алдахыг ч үгүйсгэхгүй. Өндөрөөс их хурдтай чаргаар гулсч байх үед зогсоох боломжгүй байдаг. Тиймээс л автомашинд мөргүүлэх, хад, чулуу мөргөж, чарга нь хагарах, нүх рүү унах зэрэг осол их гарч байна.Харин цанын баазад хүүхэд бэртсэн, хүний амь эрсэдсэн тохиолдол байхгүй. Цанын бааз нь автомашины тусгай зогсоолтой, чаргаар гулгах зориулалтын замтай, хараа хяналт, зохион байгуулалттай болохоор тэр. Тиймээс иргэд аль болох зориулалтын газарт хүүхдээ чаргаар гулсуулахыг зөвлөе.Мөн чарганы чанар стандартаас илүү иргэд хаана ямар газар хүүхдээ тоглуулах вэ гэдгийг анхаарах нь чухал гэлээ.
Эмч мэргэжилтнүүд чанарын баталгаагүй чарга, хүссэн газартаа өндрөөс чаргаар гулгахгүй байхыг зөвлөж аль болох цанын баазаар үйлчлүүлэхийг зөвлөж байгаа юм. Харамсалтай нь өнөөдөр нийслэлийнхэнд чөлөөт цагаа өнгөрүүлчихээр газар, цанын бааз маш ховор. Нөгөө талаас халдвар хамгааллын асуудал ч яригдна. Саяхнаас /2021.01.18/ нийслэлийн удирдлагууд цанын баазын үйл ажиллагааг нээсэн.
Ингэхдээ халдвар хамгааллын дэглэм мөрдөхийг анхааруулсан билээ. Харамсалтай нь, бодит байдал дээр, цанын баазад хүмүүс хоорондоо 1.5 метрийн зай барих нь бүү хэл олноороо нэг дор цугларсан нь эргээд эрсдэл дагуулахыг ч үгүйсгэхгүй. Энэ нь цанын баазын зохион байгуулалтын асуудал боловч иргэд ч бас эрүүл ахуйн дэглэмээ мөрдөж, зайгаа барих нь чухал.