Нэг үсчнээр үйлчлүүлсэн гэр бүлийн гурван хүн халдвар авчээ

Нэг үсчнээр үйлчлүүлсэн гэр бүлийн гурван хүн халдвар авчээ

Сүүлийн 24 цагт 13 хүнээс халдвар илэрлээ. Тэдний зургаа нь Сүхбаатар дүүргийн иргэн байна. Дамба, Бэлхийн нийтийн байранд амьдардаг иргэдээс мөн халдвар илэрчээ.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа нэг гэр бүлийн гурван иргэн халдвар авсныг мэдээллээ. Тэд нэг үсчнээр үйлчлүүлсэн байжээ.

Хотын даргын захирамж гарч, энэ сарын 23-наас үсчин, гоо сайхны газрууд ажиллаж эхэлсэн. Эдгээр газруудаар үйлчлүүлэхдээ заавал амны хаалт зүүхийг иргэдэд урьдчилан анхааруулсаар байсан . Учир нь үсчинд халуун сэнсээр үс хатаах явцад вирус тархах өндөр эрсдэлтэй.        

Хэрвээ та үсчин орох гэж буй бол дараах шаардлагыг хангасан эсэхэд анхаарч үйлчлүүлэхийг сануулж байна.

Та хоёр цагаас илүү хугацаа зарцуулах үйлчилгээ авах бол амны хаалтаа солих шаардлагатайг тооцоолж, нөөцөлж явахыг анхаараарай. Тухайн байгууллагын ажилчид иргэдэд үйлчлэхдээ нэг удаагийн амны хаалт, бээлий, тохойвчийг зайлшгүй хэрэглэх бөгөөд солих 5-аас доошгүй хоногийн нөөцтэй байх шаардлагатай.

  1. Үсчний газар нь "Үс засах үйлчилгээнд шаардлага MNS 5160:2020 стандартын шаардлагыг хангасан байх"
  2. Гадна хаалга,  үйлчилгээний танхимд "Манай байгууллага...дугаарын утсаар урьдчилсан захиалга авч үйлчилнэ" гэсэн мэдээллийг хүний нүдэнд харагдахуйц ил тод байршуулж, утсаар болон онлайнаар захиалга авч үйлчлэх
  3. Иргэдийн зорчих хөдөлгөөний мэдээллийг бүртгэх "Бүртгэлийн цэг" QR кодыг qr.119.mn сайтаас зааврын дагуу хэвлэн авч, иргэдийн орох хэсэгт ил харагдахаар байршуулж, бүртгэлжүүлэх эсвэл qr.ulaanbaatar.mn  сайтыг ашиглан, зааврын дагуу үйлчлүүлэгчийн иргэний үнэмлэхний QR кодыг байгууллагын албан хаагч уншуулж бүртгэлжүүлэх, хяналт тавих
  4. Байгууллагын ажиллагсад, түрээслэгчид болон үйлчлүүлэгчдийг хяналтын шугамаар нэвтрүүлж, гарыг халдваргүйжүүлэх, биеийн халууныг үзэх ажилтныг томилон тогтмол ажиллуулах, амны хаалтгүй хүнд үйлчлэхгүй байх
  5. Үс засах суудал хоорондын зайг 2-2.5 метрийн зайтай байршуулж, тоног төхөөрөмжийг суурилуулах
  6. Үсчин хоорондын суудлыг тусгаарласан 1.5-2 метрийн өндөр хаалт/нийлэг хальсан материал ашиглаж болно/-тай байх
  7. Үйлчилгээ хийж байх хугацаанд хүлээлгийн зааланд үйлчлүүлэгч суулгахгүй байх
  8. Үйлчилгээнд нэг удаагийн багаж, төхөөрөмж/цаасан нөмрөг, алчуур, захавч, хормогч/ хэрэглэж үйлчлүүлэгч бүрийн дараа алчуур, нөмрөг, үс угаах угаалтуур, ашигласан багаж, хэрэгслийг угаалгын бодисоор угааж, цэвэрлэн, халдваргүйжүүлнэ
  9. Хог хаягдлыг таних тэмдэг бүхий тагтай зориулалтын саванд түр хадгалж, битүүмжлэн хог хаягдал зөөвөрлөх гэрээт байгууллагаар тээвэрлүүлэн зайлуулах
  10. Үйлчлүүлэгчийн төлбөр тооцоог бэлэн мөнгөөр хийхгүй байх, төлбөрийн карт, гар утасны QPay аппликейшн, цахимаар хийх нөхцөлийг бүрдүүлж, картыг ПОС машинаар уншуулсан тохиолдолд товчлуурыг тухай бүрт халдваргүйжүүлэх шаардлагатай.