Сүүлийн 24 цагт 11 хүнд коронавирусний халдвар илэрчээ

Сүүлийн 24 цагт 11 хүнд коронавирусний халдвар илэрчээ

Улсын хэмжээнд өчигдөр  хийсэн PCR шинжилгээгээр 11 хүнээс коронавирус илэрсэн тухай ХӨСҮТ-өөс мэдээллээ.

 

ХӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, НЭМҮТ, Сэлэнгэ, Дархан-Уул, Дорнод аймгийн салбар лабораторид  нийтдээ  12 703 хүнд шинжилгээ хийсэн байна.

Шинээр илэрсэн тохиолдлууд өмнөх батлагдсан тохиоодлын ойрын хавьтал гэр бүлийн таван хүн болон Наркологийн төв эмнэлэгт хоёр тохиолдол бүртгэгджээ. Түүнчлэн Сүхбаатар дүүргийн 1, 5 дугаар хороонд орон сууцанд өвчлөл гарсантай холбогдуулан голомтын өргөжүүлсэн тандалт зохион байгуулах явцад хоёр хүнээс халдвар илэрчээ. Мөн Улаанбаатар хотоос Ховд аймаг руу явж байсан нийтийн тээврийн автобусыг Дарви суманд хяналт шалгалт хийхэд хоёр хүний шинжилгээнээс коронавирус илэрсэн байна. Ингэснээр Улаанбаатар хотод нийт бүртгэгдсэн тохиолдол 836 болж байна.

Улсын хэмжээнд коронавируст халдварын тохиолдол 1667 болжээ.  Үүнээс 1236 хүн эдгэрээд байна.

Сүүлийн 24 цагт 25 хүн эдгэрч эмнэлгээс гарсан байна. Эмчлүүлж байгаа 418 хүний, 1 нь маш хүнд, 3 нь хүнд, 52 хүндэвтэр, бусад нь хөнгөн гэж оноштой байгаа аж.

эх сурвалж: montsame.mn