УСУГ Олон улсын усны байгууллага AquaRating-ээр үнэлүүлж сертификат гардан авлаа

УСУГ Олон улсын усны байгууллага AquaRating-ээр үнэлүүлж сертификат гардан авлаа

Өчигдөр УСУГ-ын хамт олон Олон улсын усны байгууллага AquaRating-ээр үнэлүүлж сертификат гардан авлаа. Тус байгууллагаас УСУГ-ын 2017,2018,2019 оны үйл ажиллагаанд аудит хийж олон улсын стандартад нийцсэн үйл ажиллагаа явуулдаг гэдгийг тус үнэлгээгээр хүлээн зөвшөөрсөн байна.Олон улсын усны байгууллагын холбоонд 140 гаруй орон гишүүнчлэлтэй байдаг аж. Тус байгууллагаас хийсэн аудитын шалгалтад 100 гаруй  байгууллага тэнцэж сертификатаа гардан авсан байна. Эдгээр 100 гаруй улсын нэгээр ийнхүү Монгол Улсын УСУГ-ын хамт олон нэрлэгдсэн юм. Олон улсын усны байгууллагаас тухайн улсын усны байгууллагын үйл ажиллагааг үндсэн найман  чиглэлээр үнэлдэг аж. Ингэхдээ чиглэл тус бүрдээ 0-100 онооны үнэлгээтэй бөгөөд нийт оноог нэгтгэж үнэлснээр нийт оноогоор олон улсын жишиг стандартад нийцсэн эсэхийг дүгнэдэг байна.Энэхүү дүгнэлтээ мөн л гадаадын болон дотоодын аудитын байгууллагаар хянуулан баталгаажуулсаны дараа ийнхүү олон нийтэд зарладаг юм.  Тус шалгалтын үнэлгээгээр УСУГ-ын үйл ажиллагааг 2024 он хүртэл олон улсын стандартад нийцсэн хэмээн үзжээ. Тиймээс манай улсын нийт хүн амын талаас илүү хувь нь оршин суудаг нийслэл Улаанбаатар хотын иргэд олон улсын стандартад нийцсэн ундны усыг хэрэглэж байгаа нь олон улсын дээрх үнэлгээгээр бүрэн баталгаажлаа. Түүнчлэн олон улсын хэмжээнд ийнхүү үнэлэгдсэнээр бусад улс орнуудын усны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж байгууллагуудтай хамтран ажиллах бас нэгэн үүд хаалга нээгдэж байгаа гэдгийг энэ үеэр онцолж байлаа. Дэлхийн өндөр хөгжилтэй улс орнуудын усны салбарын хөгжил дэвшилийг өөрийн оронтой харьцуулахад ялгаатай байдал олон байгаа ч бид хаана юун дээр алдаж байна, хаана юуг  засч залруулах вэ  гэдгээ гадныханы нүдээр харж, сайжруулах боломж бүрдэх аж. Ийнхүү хүн төрлөхтөний анхдагч амин чухал хэрэглээ болсон усны хангамж, хүртээмж, чанарыг хариуцсан байгууллагын үйл ажиллагаа сайжирч засаглал нь тогтвортой, эдийн засаг нь баталгаатай болсноор усны салбар доголдолгүй ажиллах боломж бүрдэх, ирээдүйд томоохон хөрөнгө оруулалт, өндөр үр дүнг бий болгох өргөн цар хүрээтэй ажлын эхлэл ийнхүү тавигдаж байгаа гэдгийг УСУГ-ын дарга Ц. Төрхүү хэлж байна.

УСУГ-ын мянга мянган ажилчин алба хаагчид хоногийн 24 цагийн турш нийслэл Улаанбаатар хотынхоо иргэдийг унд ахуйн усаар хангаж, гарсан бохир усыг татан зайлуулах эрэхм үйлсэд хоёргүй сэтгэлээр зүтгэдэг. Хэдийгээр хийсэн төдийлөн олонд дэлгээд байдаггүй ч иргэдийн хананаас ус нь гарч, бохир нь доошоо урсч л байгаа бол энэ цагийн эгэл баатрууд болсон УСУГ-ынхан ажлаа хийж  л байгаа хэрэг. Тиймээс олон улсын байгууллагаас тус байгууллагын хийж байгаа ажил, хэрэгжүүлж байгаа бодлого олон улсын стандартад  нийцсэн гэдгийг үнэллээ.Ийнхүү олон улсын түвшинд үнэлэгдсэнээр АНУ-ын Мянганы сорилтын сангийн  буцалтгүй тусламжаар 350 сая ам.доллараар зөвхөн усны салбарт хөрөнгө оруулалт хийгдэхээр болсон давхар баяртай мэдээг энэ үеэр дуулгасан юм. Тиймээс олон улсын усны байгууллагаас олгосон хүндэттэй сертификатыг АНУ-ын Элчин сайд Майкл С. Клеческ өөрийн биеэр УСУГ-ын дарга Ц.Төрхүү-д гардуулсан юм.  Тэрээр энэ үеэр 350 сая ам. долларын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэх төслийнхөө талаар хэлэхдээ, Монгол Улсад хэрэгжүүлэх гэж байгаа усны төсөл нь хоёр үндсэн зорилготой. Нэгдүгээрт, усны хангамжийн системийг сайжруулах зорилготой. Энэ ажлыг эхлүүлэхэд хүндрэл бэрхшээлтэй асуудлууд бий. Гэсэн хэдий ч энэ асуудлыг одоо шийдвэрлэхгүй бол асуудлууд улам хүндрэх төлөвтэй байгаа. Тиймээс ирээдүйд учирч болох томоохон асуудлыг одоо засч залруулж, сайжруулахын тулд уг төслийг хэрэгжүүлж байгаа юм. Тиймээс энэ төсөл амжилттай хэрэгжинэ гэдэгт бид итгэл дүүрэн байна. Хоёрдугаарт, Мянганы сорилтын Коропорацын төслүүд дэлхий даяар хэрэгжихдээ үргэлж шилдэг туршлагуудыг нутагшуулдаг. Тиймээс ил тод менежменттэй төсөл байх болно. Бүх үйл ажиллагаа ил тод, шилэн байна гэдэг бол ямарваа нэгэн байдлаар өөр эрх ашиг хөндөгдөх боломжгүй гэсэн үг. Мөн маш сайн засаглалтай төсөл байх болно.  АНУ-ын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлж байгаа энэхүү хөрөнгө оруулалтыг үр дүнтэй, үр өгөөжтэй төсөл байна гэдэгт итгэл дүүрэн байна. Хамгийн гол нь  Мянганы сорилтын сангаас дэлхийн хамгийн шилдэг туршлагыг авч  ирж нутагшуулдаг учраас монголд тэр туршлага нутагшин үлдэж, энгийн зүйл мэт дадал туршлага болж үлдэх нь хамгийн чухал үр дүн юм. Ийм л хоёр үр дүнг энэ төслөөс иргэд хүлээх болов уу хэмээн харж байгаа” гэв.

Мянганы сорилтын сангаас хэрэгжих уг төслийн хамгийн гол зорилго бол цаашид нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд нүүрлэж болзошгүй усны хомсдолоос сэргийлэх юм.  Тиймээс усны хомсдолоос сэргийлж, усны хангамжаа сэргээхийн тулд тодорхой хөрөнгө оруулалт хийж, дэд бүтцээ тэлэх боломжтой болох юм. Түүнчлэн эдийн засгийн үйл ажиллагааг боймолдог усны хангамж, хүртээмжтэй холбоотой нэг хүчин зүйлийг ч болов арилгаж чадсанаар хот хүрээгээ тэлж, эдийн засгийн өсөлт бий болох юм. Үүний үр дүнд ядуурал тодорхой хэмжээнд буурч, нийт иргэдэд бодит үр шимийг хүртэх өдөр ойрхон байгааг тус арга хэмжээнд оролцогчид хэлж байлаа. Энэ үеэр Мянганы сорилтын сангийн монгол дахь гүйцэтгэх захирлын орлогч С.Зоригт хэлэхдээ “УСУГ-ын хамт олон 2019 оноос хойш өөрсдийн үйл ажиллагааг олон улсын аргачлалаар үнэлүүлсэнд баяртай байна. Бид энэхүү үнэлгээнд тулгуурлан нийслэл Улаанбаатар хотын ус ханагжийн тогтвортой байдлыг хангах зорилгоор цаашдын хамтын ажиллагааг Монголын мянганы сорилын сан, УСУГ, АНУ-ын Элчин сайдын яамтай хамтран хэрэгжүүлнэ. Бид  AquaRating-гээс гаргасан үнэлгээний тайлантай танилцаж, олон улсын байгууллагуудаас өгч буй дүгнэлт зөвлөмжийг хүлээн авч цаашдын үйл ажиллагаандаа нарийвчлан тусгах учиртай. УСУГ гүйцэтгэлийн үнэлгээн дээр тулгуурлан цаашид сайжруулах ёстой ажлынхаа төлөвлөгөөг гарган олон улсын жишиг бүхий ус ашиглалтын байгууллага болоход бүгдээрээ хамтран ажилцгаая” гэсэн юм.