Б.Мөнхбаатар: Оюу толгойн хөрөнгө оруулагч талд Монгол улсын засгийн газар үндэслэлтэй, баримттай шаардлага тавьж буй
Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээг эргэн харах, уг гэрээ Монгол улсад ашигтай эсэх дээр дахин ярилцах шаардлага бий болсон талаар улс төрчид дахин хөндөж эхлэв. 2009 онд Монгол улсын засгийн газар Оюу толгойн хөрөнгө оруулагч талтай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж уг орд ашиглаж эхэлсэн билээ. Харин 2015 онд Дубайн буюу далд уурхайн гэрээнд өөрчлөлт оруулсан. Энэ гэрээний улмаас өнөөдөр нөхцөл байдал улам хүндэрч, Монголын талд ашиггүй болчихлоо гэсэн асуулт урган гараад байгаа юм.
Иймээс Оюу толгойн ТУЗ-д Монгол улсын засгийн газрыг төлөөлөн 2016-2018 онд ажиллаж байсан, одоо барилга хот байгуулалтын сайдаар ажиллаж буй Б.Мөнхбаатартай Үндэсний телевиз ярилцаж зарим зүйлийг тодруулсан байна.
2016 онд байгуулагдсан Засгийн газар Оюу толгойн хөрөнгө оруулалтын зардал эрс өсч, 2009 онд гэрээнд тусгасан Монгол улсын авах өгөөж 53 хувь байх байтал энэ байдал огт алга болчихсон байна гэдэг дүгнэлтийг гаргасан. Иймээс гэрээнд тусгасан бүх тоог нягтлах, Оюу толгойн хөрөнгө оруулагчдын гаргасан тоог эргэн судлах зэргээр ажиллаж эхэлсэн. 2017 онд У.Хүрэлсүхийн засгийн газар байгуулагдсан үед дээрх бүх тоог нягтлан шалгаж, Монголын талд ашиггүй болсон гэрээний асуудлыг эргэн харж, Оюу толгойтой нэг цонхоор харилцан ажиллаж эхэлсэн гэдэг мэдээллийг Оюу толгойн ТУЗ-ын гишүүн асан Мөнхбаатар илэрхийллээ.
Монголын засгийн газраас судалж гаргасан тоог Оюу толгойн хөрөнгө оруулагч тал эргэн харж, дахин ярилцах буулт хийж чадсан. Учир нь анх удаа Монголын засгийн газар Оюу толгойн хөрөнгө оруулагч талд судалгаатай, бас нэгдсэн байр суурьтайгаар асуудалд хандаж, аливаа шаардлагыг нэг шугамаар тавьж эхэлсэн учраас тэд буулт хийж эхэлсэн. Үүний илэрхийлэл нь Татварын Ерөнхий газраас Оюу толгой ХХК-д тогтоосон 155 сая ам долларын татварын акц гэж тодорхойлж болно гэв.
22 тэрбум ам долларын хөрөнгөө гадны компанид алдчихгүй, бас өөрсдөө өрөнд ороод үлдчихгүйн тулд Монгол улсын засгийн газар мэргэжлийн хүмүүсээ тогтвортой байлгах, Оюу толгойн асуудалтай харилцаж буй хүмүүсээ нягт ажиллуулдаг тогтвортой засгийн газартай байх ёстой.
Үүнээс гадна 34 хувьтайгаа ноцолдож өгөөжөө бодож өрөнд орж суухаас илүүтэй татвараа сайн авч өгөөжөө нэмэгдүүлэх нь хамгийн зөв шийдэл гэж Монгол Улсын Засгийн газар үзэх зайлшгүй шаардлага бий болжээ. Монгол улсын засгийн газар Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээг цуцлах үндэслэл байгаа учраас албаныхан энэ талаар ярьж буй. Иймээс Оюу толгойн төсөлд хөрөнгө оруулагч тал энэ удаад хүлээцтэй хандаж буй шалтгаан нь Монгол улсын засгийн газар үндэслэлтэй, баримттай зүйл гаргаж ирсэн учраас л асуудал ийм болж буй. Үүнийг бий болгоход 2016 оноос ажиллаж эхэлсэн Засгийн газар, тэр дундаа У.Хүрэлсүхийн засгийн газар, Л.Оюун-Эрдэнэ даргаар ахлуулсан ажлын хэсэг маш сайн ажилласан гэдгийг Оюу толгойн ТУЗ-ийн гишүүн асан Мөнхбаатар илэрхийллээ.