“Халдвартай иргэд зорчсон Ховдын автобусанд хавдартай, архаг хууч өвчтэй хүмүүс олон байна”

“Халдвартай иргэд зорчсон Ховдын автобусанд хавдартай, архаг хууч өвчтэй хүмүүс олон байна”

Ховд аймгийн чиглэлд явж байсан хоёр зорчигчоос халдвар илэрсэн тухай бид өмнө нь мэдээлсэн.

Тэгвэл энэ талаар ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа ЭМЯ-ны мэдээллийн үеэр ийн тайлбар хийлээ.

Тэрбээр, Өчигдөр Ховд аймаг руу явж байсан 41 хүнтэй автобусыг Дарви сумын хяналтын пост дээр зогсоон хяналт хийхэд 2 хүний түргэвчилсэн шинжилгээний хариу эерэг гарсан. Ховд аймгийн лабораторид давтан шинжилгээ хийгээд батлагдсан. Мөн тухайн автобусанд зорчиж байсан хоёр хүнээс эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн ч шинжилгээний хариу эерэг гараагүй байна.

Ховд аймаг руу зорчсон халдвартай хоёр иргэн хүн орон нутаг руу явахаасаа өмнө нэгдүгээр сарын 23-нд шинжилгээ өгсөн. Хүмүүс хариу нь сөрөг гарахаар өөрийгөө дахиж коронавирус тусах эрсдэлгүй мэт ойлгож байна. Нэг удаа шинжилгээ өгчхөөд өөрийгөө эрүүл гэж бодож болохгүй.

Ховдын автобусанд сууж явсан хүмүүс 20 гаруй цаг нэг автобусанд амны хаалтгүй хоорондоо харилцаж, идэж, ууж явсан. Тус автобусанд хавдартай, архаг хууч өвчтэй хүмүүс олон байна. Тиймээс тэдгээр хүмүүсийг орон нутагт халдвар тархаах эрсдэл өндөр байна гэж үзэж хот руу тусгай үүргийн онгоцоор татаж байна гэв.