Ховдоос хөөрсөн тусгай үүргийн онгоц 14:18 цагт Улаанбаатарт газардана

Ховдоос хөөрсөн тусгай үүргийн онгоц 14:18 цагт Улаанбаатарт газардана

Өчигдөр буюу нэгдүгээр сарын 26-нд Ховд аймагт очсон иргэдээс хоёр хүний PCR шинжилгээний хариу эерэг гарч коронавирусийн халдвартай болох нь батлагдсан. Халдвартай хоёр иргэнийг тусад нь, хамт явсан 39 хүнийг Дарви суманд тусгаарлан хонуулж Улаанбаатар руу татан авахаар өнөөдөр 11 цагийн орчимд онгоц хөөрсөн юм. Хүннү Эйр компанийн тусгай үүргийн онгоц 14:18 цагт "Чингис хаан" олон улсын нисэх буудалд газардана. 

Халдвартай иргэдийн биеийн байдал одоогоор хэвийн, ямар нэгэн шинж тэмдэг алга. Халдвартай хоёр иргэн болон нэгнийх нь төрсөн дүүг нь тусгаарлах байранд тусгаарлаж хамт ирсэн бусад 38 хүнийг Дарви суманд тусад нь тусгаарласан хэмээн аймгийн Засаг дарга Б.Дүгэржав мэдээлсэн. 

Буцах шаардлагыг иргэдийн зарим нь эсэргүүцэж Улаанбаатар руу буцахгүй гэжээ. Дарви суманд тусгаарлагдаад УБ руу буцсан иргэдийн ар гэрийнхэн багагүй бухимдаж байсан юм. Хүүгээ хүлээсэн нэгэн ээж "Дарви суманд тусгаарлалтын байр байхгүй, ирсэн иргэдийг хүйтэн сургуульд хоол цай ч өгсөн юм байхгүй бөөнөөр нь хонуулсан. Хүүхдийнхээ хүнс, эм танг нь дөхүүлж өгөх гэж ирсэн. Хэрэв татан авах ажиллагааг сайтар зохион байгуулсан бол ийм зүйл болохгүй байх байсан. Наашаа ирэхээсээ өмнө шинжилгээ өгсөн хүмүүс гадуур баахан явж халдвар авна шүү дээ. 72 цаг хоолгүй байсан хүүдээ ганц аяга хоол л өгөх гэсэн юм" хэмээлээ.