Эрдэнэс таван толгой, Энержи ресурс, Оюутолгойн орд газраас нүүрс, зэс гэх мэт ашигт малтмалыг тээвэрлэн БНХАУ-д хүргэдэг тээврийн жолооч нарын асуудлыг төр засаг анхаарах цаг нэгэнт болжээ. Орхигдсон Ертөнц гэдэг шиг дүслэл уг тээврийн жолооч нарт тохиолдох болсон байна. Уурхайгаас ачаа ачаад хилээр гарах хүртэл замын турш аюулгүй байдал гэх ойлголт байхгүй. Уг замын турш хараа хяналт тавих нь ховор. Ихэнхдээ согтуу, нойроо хүргэхгүйн тулд хүчтэй эм хэрэглэх зэргээр жолооч нар замаа туулдаг гэх мэдээлэл бий. Гэтэл үүн дээр нэмээд хилээр гарах гэж дугаарлахдаа архи хэтрүүлэн хэрэглэж, хоорондоо зодолдох, нэгнийхээ амь насанд хүрэх эрсдэл бий болсон талаар Нүүрсний тээвэрлэлтэд явдаг жолооч нар ярих болжээ.
Одоогийн байдлаар л гэхэд БНХАУ-ын Ганц модны боомтод 4000 орчим том автомашины монгол жолооч нар хоригдчихоод байна. Учир нь уг боомтод жолооч нарын хувьд бусдын амь насанд халдсан. Нэг нэгнийхээ амь насыг хохироосон гэх үндэслэлээр хоригдсон гэдэг мэдээллийг албан бус эх сурвалж өгч байгаа юм.
Зарим эх сурвалжийн өгч байгаа мэдээллээр Ганц модны боомтод хэд хоногийн өмнө мотоциклтой явсан БНХАУ-ын иргэнийг тээврийн жолооч дайрч амь насыг нь хөнөөсөн. Үүний улмаас нүүрсний тээвэрлэлт хийдэг жолооч нарыг буцааж хилээр гаргахгүй хорих болжээ. Гэтэл олон жолооч хилийн цаана хөдөлгөөнөө хязгаарлуулсан учраас архидаж эхэлсэн байна. Үүний уршгаар Монгол жолооч нар нэг нэгнээ хутгалан амь насанд нь хүрсэн байж болзошгүй мэдээлэл Монгол улсын талд ирсэн гэж зарим эх сурвалж ярьж байна. Энэ мэтээр хэд хэдэн хэрэг Ганц модны боомтод үйлдэгдсэн байна. Уг хэрэгт дан Монгол жолооч нар холбогдсон гэх мэдээллийг албан бус эх сурвалж өглөө. Харин хууль, хяналтын байгууллагынхан энэ талаарх мэдээллийг огт өгөхгүй байгаа юм. БНХАУ-д болсон хэрэг учраас Гадаад харилцааны яамаар дамжин мэдээлэл нь ирэх ёстой гэхээс өөр тайлбарыг өгөөгүй байна.
4000 мянга орчим жолооч нар Ганц модны боомтод хөдөлгөөнөө хязгаарлуулсны уршгаар авто машинаа хөлдөөх эрсдэлд оржээ. Хөлдсөн авто машинаа гэсгээх гэж байгаад галд түлэгдсэн тохиолдол ч гарсан гэх мэдээлэл байна.