УИХ-ын өчигдрийн хуралдаанаар албан тушаалдаа албан ёсоор томилогдоод байгаа Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танхимаа хэрхэн бүрдүүлэх талаараа урд шөнөжингөө зөвлөлдсөн сураг дуулдана.
МАН-ын дарга У.Хүрэлсүх, Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарын хувьд засгийн газарт орох бүрэлдэхүүнийг зөвлөлдөж шийдвэр гаргахаар хуралдаж байна. Тэдний хувьд МАН-ын бүлэг фракцын эв зүйд нийцүүлэх, мөн өөр өөрсдийн хүмүүсээ түлхүү оруулах, Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө хүчтэй танхим бүрдүүлэх зэргээр олон талаас нь бодож буй гэж байна.
Хүчтэй танхим байгуулах гэхээр саад болж буй нэг зүйл нь давхар дээлтэй сайдын тооны хязгаар гэж МАН-ын зарим улс төрчид үзэж байгаа ч шийдэмгий, хүчтэй, шинэ дүр төрхийг Засгийн газрын танхимд бүрдүүлэхэд асуудал үүсэхгүй гэдэг яриаг дээрх эрхмүүд хийсэн сураг дуулдаж байна.
Юун түрүүн У.Хүрэлсүхийн танхимаас авч үлдэх сайд нар дээрээ эхний ээлжинд тохирсон мэдээлэл байна. У.Хүрэлсүхийн танхимд ажиллаж байсан Л.Оюун-Эрдэнэ дэвшиж Ерөнхий сайд болсон бол байрандаа үлдэх 6-7 сайдын нэр тодорч байгаа сурагтай. Баталгаатай сайдаараа үлдэх 6 сайд байгаа гэдэг мэдээллийг баттай эх сурвалж өгөв.
Шинэ засгийн газрын бүтцийг дараах байдлаар зураглаж суугаа бололтой.
- Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ
- Шадар сайдаар очих ажлын ачаалал даах, мөн нийгмийн эсэргүүцлийг сөрөөд зогсчих, хаана ч хэний ч өмнө асуултанд хариулчих дүр одоогоор олдохгүй байгаа гэнэ. Ж.Энхбаярыг очно хэмээн таамаглаж байсан ч тэрээр зугтсан. С.Амарсайхан энэ албан тушаал дээр яригдаж байсан ч өөрчлөгдөж ЗГХЭГ-ын даргын суудал дээр яригдаж эхэлсэн сурагтай.
- Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар УУХҮ-ийн дэд сайд Н.Батнайрамдал, УИХ-ын гишүүн С.Амарсайхан нарын нэг гэж таамаг яриа бий болов. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уг албан тушаалд УУХҮ-ийн дэд сайдаар ажиллаж буй Н.Батнайрамдал гэж залууг тавих сонирхолтой байгаа гэнэ. Ширүүн, шийдэмгий дүрийг уг албан тушаалд тавих гэж бодож буй ч үүнд нь өөрийнх нь ойрын хүн Н.Батнайрамдал төдийлөн нийцэхгүй байгаа учраас Б хувилбар болгож С.Амарсайхан дээр яриа үүсгэж эхэлжээ.
- Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар Б.Сарангэрэл гишүүн улирч магадгүй гэж байсан ч энэ яриа өөрчлөгдөж эмэгтэй квотыг хадгалах тухай дуулдаж байна. Одоогоор хамгийн их уг суудалд суухаар гүйж буй хүн нь УИХ-ын гишүүн М.Оюунчимэг. Гэхдээ түүнд энэ суудал шууд ирчихгүй. Давхар дээлний хуваарилалт чухал нөлөө үзүүлнэ. Эсвэл гаднаас гэдэг хувилбар яригдаж байна.
- Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар дахин ажиллахаар болжээ. Энэ удаад түүнийг өөрчлөхгүй гэдэг дээр МАН-ын дарга У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нар 100 хувь санал нийлсэн дуулдана.
- Сангийн сайдаар Ч.Хүрэлбаатар улирч ажиллах тухай яриа бий. Гэвч өөрчлөлт ч бас орох талаар хөндөгдөх боллоо. Хэрэв өөрчлөгдөх бол УИХ-ын гишүүн Б.Жавхлан хамгийн их магадлалтай гэнэ.
- Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяаг дахин ажиллуулах дээр тогтжээ.
- Гадаад харилцааны сайдаар Н.Энхтайван улирч болох ч өөрийнх нь шийдвэрээс их шалтгаалах юм байна. Хэрэв Н.Энхтайван өөрөө улирч ажиллахгүй гэх шийдвэр гаргах юм бол УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, Х.Булгантуяа нарын нэг уг албан тушаалд очих нь байна. Дан дээлтэй өөр санал болгочих хүн энэ албан тушаалд байхгүй гэж МАН-ын удирдлага үзэж буй гэнэ.
- Боловсрол, шинжлэх ухааны сайдаар тус яамны дэд сайд Г.Ганбаяр өрсөлдөгчгүй нэрлэгдэж байгаа гэнэ.
- Барилга хот байгуулалтын сайдаар Б.Мөнхбаатар дахин ажиллах нь тодорхой болсон байна.
- Батлан хамгаалахын сайдаар Г.Сайханбаяр үргэлжүүлэн ажиллана.
- Зам тээврийн хөгжлийн сайдаар Л.Халтар ажиллах тухай яригдаж байна. Уг нь солигдох сайд нарын тоонд орж байсан ч тэр энэ удаад тэсч үлдэх бололтой.
- Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Г.Ендонг сольж Х.Хэрлэнг сайд болгох тохиролцоог МАН-ын удирдлага хийсэн байна.
- Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар З.Мэндсайхан үргэлжлүүлэх ажиллахаар тохиролцоо хийгджээ. Түүний хувьд уг салбарт шинэ салхи оруулсан ажилтай учир үлдэх нь зөв гэж МАН-ын удирдлага шийдсэн байна.
- Эрчим хүчний сайдаар Н.Тавинбэх дахин ажиллана. Түүний хувьд уг салбарт эхлүүлсэн томоохон ажлаа үрэлжүүлж, Засгийн газрын эрчим хүч тэглэх ажлыг сайн гүйцэтгэх үүрэг хүлээж буй гэнэ.
- Соёлын сайдаар Гадаад харилцааны дэд сайдаар ажиллаж байсан С.Батцэцэг эсвэл тус яамны дэд сайдаар одоо ажиллаж буй Батбаяр нарын нэг очихоор яригдаж байна. Гол нь хэнийг нь уг албан тушаалд тавихаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ шийдэхээр болжээ.
- Эрүүл мэндийн сайд-Т.Мөнхсайханныг улираах тухай хөндөгдсөн ч магадлал тийм ч өндөр биш байна. Харин солиод өөр хүн сайдаар тавих тухай ярьж буй ч шинэ хүн нь шинэчлэл хийж чадах уу гэдэг асуулт урган гараад байгаа гэнэ.
МАН-ын удирдлагын түвшинд Л.Оюун-Эрдэнийн засгийн газрын сайд нарын 80 орчим хувийг бараг тохирч дуусаад байна. Үдээс хойшдоо сайд нарынхаа нэрийг УИХ-д өргөн барих сураг дуулдаж байна. Өнөөдөртөө багтаан сайд нарын нэрийг МАН-ын удирдах зөвлөлөөр оруулж, УИХ-д танилцуулах үүргийг Л.Оюун-Эрдэнэ хүлээгээд байна.