Увс, Дархан-Уул аймагт хөл хорио тогтоолоо

Увс, Дархан-Уул аймагт хөл хорио тогтоолоо

Covid-19 халдварыг аймгууд руу алдахгүй байхыг хичээж ажилласан ч Ховд аймагт халдвар бүртгэгдсэн, мөн Дархан-Уул, Увс аймагт сэжигтэй тохиолдлууд бүртгэгдсэн тул орон нутгийн Онцгой комиссоос тодорхой арга хэмжээ аваад байна. Энэ талаарх мэдээллийг хүргэе.

УВСАД ХӨЛ ХОРИОГ ӨНӨӨДӨР 11.00 ЦАГААС ЭХЛЭН МӨРДӨНӨ

Увс аймгийн Зүүнхангай суманд сэжигтэй тохиолдол илэрсэн тул өнөөдрөөс /2021.01.28/ тодорхойгүй хугацаагаар хөл хорио тогтоохоор боллоо. Хязгаарлалтын дэглэм өглөө 11.00 цагаас эхэлж, сумдаас орох, гарах хөдөлгөөнийг хаахаар болсныг аймгийн Шуурхай штабаас мэдээлэв. Энэ хугацаанд хүнсний дэлгүүр, хүнсний үйлдвэрлэл 09.00-21.00 цаг хүртэл ажиллах юм байна. Харин бусад үйл ажиллагааг хориглоно. Архи, согтууруулах ундаа худалдахгүй. Одоогоор тус аймагт PCR шинжилгээ хийх боломжгүй тул сэжигтэй тохилдлын сорьцыг Ховд аймаг руу илгээжээ.

Орон нутгаас иргэдээ татан авах үеэр Улаанбаатар хотоос 312 хүн Улаангом хотод очсон, тодорхой тооны хүмүүс замдаа бууж бусад сумдад очсон бөгөөд тэднийг гэрийн тусгаарлалтад оруулсан байна.

ХОЁРДУГААР САРЫН 1 ХҮРТЭЛ ЗОРЧИХ ХӨДӨЛГӨӨН ХЯЗГААРЛАЛАА

Дархан-Улаанбаатарын чиглэлийн хөдөлгөөнийг ирэх хоёрдугаар сарын 1 хүртэл хязгаарлажээ. Тус аймгийн Онцгой комиссын мэдээлснээр өчигдрөөс /2021.01.27/эхлэн ирэх Даваа гариг хүртэл Улаанбаатар-Дарханы чиглэлд хүнс, эм ханган нийлүүлэлт, эрүүл мэнд болон буяны ажлаас бусад шалтгаанаар зорчих хөдөлгөөнийг түр хориглоод байна.

Зөвшөөрөгдсөн салбарын тээврийн хэрэгслүүд аймгийн Онцгой комиссын шуурхай штабын зөвшөөрөлтэй авсан байх ёстой аж. Хүнс тээврийн жолооч нар Улаанбаатар хотоос гарахдаа PCR шинжилгээ өгөх ба Дархан-Уул аймагт нэвтрэхдээ түргэвчилсэн оношлуураар шинжилгээ өгч, долоо хоног тусгаарлалтад байхаар болжээ.

ОРХОН АЙМАГТ СЭЖИГТЭЙ ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДЭВ

Орхон аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд үзүүлсэн нэг иргэнээс өчигдөр /2021.01.27/ сэжигтэй тохиолдол илэрчээ. Тэрбээр халуурч, ханиалгасан шинж тэмдэгтэй байсан тул эмнэлгээр үйлчлүүлсэн аж. Түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад сөрөг гарсан ч PCR шинжилгээ авчээ. Шинжилгээний баталгаажсан хариу өнөөдөр /2021.01.28/ гарах юм. Аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн Тархвар судлаач Б.Цэндбаяр хэлэхдээ “Тухайн иргэнийг гэртээ өөрийгөө тусгаарлах зөвлөгөө өгсөн. Одоогоор амбулаторийн үзлэг хэвийн үргэлжилж байна. Тандалт судалгаагаар, тухайн иргэн батлагдсан болон сэжигтэй тохиолдолтой ямар нэгэн байдлаар хавьтал болсон өгүүлэмж байгаагүй. Тухайн иргэний ар гэрийнхэн болон ажлын хамт олноос нь эрсдэлтэй бүс нутгаас ирсэн хүн байхгүй. Тиймээс тархвар судлалын хувьд ач холбогдолгүй гэж үзэж байна” гэв.

Орхон аймгийн хэмжээнд нийслэлээс орон нутагтаа ирсэн 1235 иргэн гэрийн ажиглалтад байна. Тус аймгийн Эрүүл мэндийн төв Сovid-19 халдвар нийслэлээс орон нутагт тархах эрсдэл өндөр байна хэмээн дүгнэжээ. Тиймээс иргэдийг онцын шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй байх, QR кодыг тогтмол бүртгүүлэхийг зөвлөж байгаа аж.