Сонгинохайрхан дүүргийн 6-р хорооны нутаг дэвсгэрт нэгэн нийтийн байранд хүн барьцаалсан хэрэг гарчээ. Тус байранд согтуу иргэн агсам тавиад байна гэх дуудлага цагдаагийн байгууллагад ирсэн байна. Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтсээс дуудлагын дагуу шалгалт явуулахад тус хороонд оршин суух 42 настай иргэн Г гэгч нь архидан согтуурсан үедээ хутга гарган иргэдийг айлган сүрдүүлж байсан байна. Тодруулах юм бол иргэн Б гэгчийг айлган сүрдүүлж өрөөнөөс гаргаад Чингэлтэй дүүргийн 13-р хороонд орших суух 42 настай А болон 11 настай М гэх иргэдийг барьцаалжээ. Хэрэв өрөөнд нь цагдаагийнхан орж ирэх юм бол хоёр иргэнийг хутгалж ална гэж сүрдүүлсэн байна. Цагдаагийн албан хаагчийн өгсөн мэдээллээр бол сэжигтэн этгээд нь хохирогч иргэдийн хоолойд хутга тулгасан байжээ. Цагдаагийн Ерөнхий газрын тусгай ажиллагааны баг ажиллаж гэмт этгээдийг баривчилсан байна. Барьцаалагдсан 2 иргэнд ямар нэгэн гэмтэл учруулахгүйгээр аварч чадсан гэнэ . Энэхүү хэрэг нь энэ сарын 11-нд гарсан байна.