Монгол Улс сүүлийн зургаан жилийн турш хуурамч шатахуун болох керосин нафта буюу нефтийн туслах бүтээгдэхүүнийг онцгой албан татваргүйгээр оруулж ирээд автомашиндаа хэрэглэж байгаа аж. Үүнээс гарах хохирол нь улсын төсвөөс 60-70 тэрбум төгрөг алдаж байгаа бөгөөд гурван жилдээ үржүүлбэл 60 тэрбум төгрөг алдаж байгаа гэсэн үг. Маш энгийнээр тайлбарлавал ийм мөнгөөр 40 гаруй цэцэрлэг барих юм. Тэгвэл өнгөрсөн хугацаанд хуурамч шатахууны конторбандын бүлэглэл Монгол Улсад хэдийнэ суурьшсан төдийгүй үүнд улстөрчдийн нөлөөлөл байгааг улстөрчид өөрсдөө олон нийтийн өмнө ил тод мэдээлж байна.
Энэ талаар УИХ-ын гишүүн Ц.Анандбазар чуулганы танхимд хэлэхдээ, “ Хуурамч шатахуун болох нефтийн туслах бүтээгдэхүүнийг Монгол Улс олон жилийн турш хэрэглэж байна. Ийм хуурамч шатахууныг Африкийн нэг улс, нэг нь манайх хэрэглэдэг. Энэ нь нийгэм эдийн засгийн хувьд маш хохиролтой төдийгүй Монголд хөдөлж байгаа бүх автомашинуудын мотор нь тун удахгүй эвдрэх аюултай. Төсвийн байгууллага, уул уурхай гээд бүгд энэ шатахууныг хэрэглэж байна. Тиймээс үүнд зайлшгүй онцгой албан татвар тавьж төсөвт орлого нэмэгдүүлэх шаардлагатай. Нөгөө талаар хүн төрөлхтөн хэрвээ үүнийг хэрэглээд болдог байсан юм бол нефтийн үйлдвэр гэж байх хэрэггүй юм. Тэгэхээр энэ хууль бус үйл ажиллагааг дэмждэг хэсэг бүлэг нөлөө бүхий хүмүүс байна. Яагаад өнөөдрийг хүртэл гаалийнхан онцгой албан татвар авахгүй байгаа юм. Хуурамч шатахууны хэрэглээгээр хэрэглэгчдээ хангаж, хууль бус үйлдлийг өөгшүүлж таслан зогсоохгүй байгаад гайхаж байна” гэсэн юм. Өнгөрсөн хугацаанд хуурамч шатахууны импорт хэрхэн орж ирснийг баримтаар харуулья. Хуурамч шатахуун үйлдвэрлэх түүхий эд болох керосин нафтаг 2015 онд 8500 тонныг оруулж ирсэн бөгөөд Онцгой албан татвараас чөлөөлснөөр 2016 онд 74 мянган тонн буюу 8.6 дахин өсчээ. Ийнхүү керосин нафтаг улсын хилээр нэвтрүүлсэн хэмжээ огцом өсч 2017 онд 100 мянган тонн, 2018 онд 224500 тонн болсноор Монгол Улс өнөөдөр хуурамч нафта бүтээгдэхүүний “ эх орон” болсон байна. Үүний цаана хулхи бүтээгдэхүүнд хаалга нээж өгч байгаа хэсэг бүлэг хүмүүс байгааг нотолж байгаа хэрэг. Дэлхийн аль ч орны стандартыг хангахгүй бүтээгдэхүүнээр монгол хэрэглэгчдийнхээ эд хөрөнгөд зориудаар халдаж байгаа нь цөөн хэдэн хүний эрх ашигт нийцэж байгааг харуулсаар байна. Энэ талаар УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж хэлэхдээ, “ Өнөөдөр хуурамч шатахууныг 7, 8 компани үйлдвэрлэдэг, үүнээсээ асар их ашиг олдог. Үүний 70 хувийг Швейцарт амьдардаг нэг иргэн авдаг. Энэ хүн гадаадад сурчихаад Монголчуудынхаа хамаг хөрөнгийг хуу хамаад сууж болох юм уу. Яагаад ийм зүйлд хариуцлага тооцохгүй байгаа юм” гэж хэлээд хатуухан хэлээд авсан. Харамсалтай нь дээрх хоёр эрхмийн ийм ноцтой мэдээлэл тухайн өдрийнхөө улс төрийн үйл явдалд дарагдаад олон нийтэд хүрч чадаагүй. Тэгвэл хуурамч бүтээгдэхүүний эцсийн хохирогч нь хэн бэ. Энэ бол хэрэглэгчид юм. Тэд зургаан жилийн турш хуурамч бүтээгдэхүүн худалдан авч эд хөрөнгөөрөө хохирч байгаа төдийгүй үүнийг нь мэдсээр байж улсаа ч хохироодог, иргэдээ ч хуурдаг гэмт хэргийн мафи сүлжээг өнөөдөр яагаад хэн ч ярихгүй байгаад хэргийн учир байна.